С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар томиллоо

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилох тухай Захирамжид гарын үсэг зурлаа.

С.Чинзориг нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1982 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургууль, 1986 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр, Отгонтэнгэр Их сургуулийг тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1986-1988 онд Өвөрхангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн,

1990-1992 онд Өвөрхангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны хэлтсийн дарга,

1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч,

1996-2000 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,

2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд,

2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер,

2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх,

2013 онд Монгол Ардын Намын Нийгмийн бодлого хөгжлийн газрын дарга,

2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд,

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2016-2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга,

2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн хуультай уялдуулан шинэ түвшинд гаргаж, салбарын эрх зүйн цогц шинэчлэл хийх, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх оношилгоог эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарт болон дэвшүүлсэн шинэчлэлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх улс төрийн туршлагыг харгалзан үзлээ.