Г.Занданшатар: Хуульд нийцүүлэн иргэдэд чирэгдэлгүйгээр хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.01.30) Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж, хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэж ажиллах талаар зарим чиглэлийг өгчээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, “Хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл, гомдол гаргаад байна. Улсын Их Хурал, Засгийн газраас нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа эдгээр асуудлыг шуурхай шийдэх, иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай. Иймээс Улсын Их Хурлаас Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн байнгын хорооны гишүүн Ж.Батжаргал нараар ахлуулсан ажлын хэсгүүдийг байгуулсан” хэмээгээд төрийн байгууллагууд мэдээллээ нэгтгэх, уялдаа холбоогоо сайжруулахад анхаарч ажиллахыг сануулсан байна.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим. Нийгмийн шударга ёсны зарчим гэдэг нь хүн бүр нийгмийн гарал үүсэл, эсвэл хүйсээс үл хамааран тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдах ёстой гэсэн шаардлага юм. Хүүхдийн мөнгө бол халамж биш.

Сангийн яам төсөв өргөн барихдаа хүүхдийн мөнгийг халамжийн төрөл, тэтгэмж гэж оруулсан. Төсвийн хуулийг хэлэлцэх явцад салбарын яамд өрхийн орлогыг бүртгэх мэдээллийн санг бүрдүүлсэн гэж байсан ч мэдээллийг зөрүүтэй байдал гарч, хүндрэл дагуулсан. Тиймээс хүн амын мэдээллийн сан, халамжийн мэдээллийн сан, улсын бүртгэлийн мэдээллийн санг нэгтгэж, бодит мэдээллийн эх сурвалжтай болж, хуульд нийцүүлэн иргэдэд чирэгдэлгүйгээр хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв.

Мөн Хувь хүний орлогын албан татварын хуулиар татварын шаталсан тогтолцоотой болж байгаа. Гэтэл уг тогтолцоо нь татварын тэгш, шударга байх зарчимтай нийцэж байгаа эсэхэд иргэд шүүмжлэлтэй хандаж байгааг хэлжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооноос дэд ажлын хэсэг байгуулж, УИХ-ын ажлын хэсэгт мэдээллийг шуурхай өгөх, хаврын чуулганаас өмнө хуулийн хийдэл, давхардлыг арилгах шаардлагатай хуулийн төсөл боловсруулахыг чиглэл болгосон байна.