НББХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийжээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны тавдугаар сарын 17-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёрдугаар, хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13.2-т, Бусад Байнгын хороо уг төслийн талаар тус тусын санал дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд өгнө гэж заасан. Үүний дагуу Байнгын хороод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргахаар гэж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-ээр зохицуулсан.

Байнгын хорооны хуралдаанд асуулт асуусан гишүүд тойрог тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчдоос санал авсан талаараа ярьж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас илүүтэй үнийн өсөлт, цалин хөлсний хангалтгүй байдалд санаа зовж буйг дурдсан юм.

Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа уг төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжье гэсэн  санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ.

Дараа нь Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцсэн юм. Хуулийн төсөл гурван зүйлтэй бөгөөд, эхний зүйлд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн эхний зүйл Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хуралд хамаарахгүй тухай, хоёрдугаар зүйлд, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөх тухай, гуравдугаар зүйлд, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг тус тус заасан байна. Хуулийн төслийн дээрх зүйлүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй, мөн зарчмын зөрүүтэй санал ирээгүй тул уг асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар болов.