Хувийн тээврийн хэрэгсэлд RFID чипийг ирэх сарын 4-нөөс суурилуулна

Улаанбаатарын дугаартай 442,477 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс Авто тээврийн үндэсний төвийн суурин 32 цэг, явуулын 12 цэгээр  аравдугаар сарын 1-ний дотор суурилуулж эхлэх аж. Эхний ээлжид төрийн өмчийн тээврийн хэрэгсэлд, үүний дараа хувийн тээврийн хэрэгсэлд суурилуулахаар төлөвлөжээ.

RFID чипийг тээврийн хэрэгсэлд суурилуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулах аж. Чипийг үнэгүй суурилуулах бөгөөд импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр төлбөрөө төлөн наалгах юм байна.

RFID нь тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем. Тэгэхээр тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг бүх асуудлыг энэ системээр шийднэ хэмээн албаны хүмүүс мэдээлээд байгаа билээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулжээ.