Р.Эрдэнэбүрэн: Буруу талдаа хүрдтэй машиныг хориглоно

Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Р.Эрдэнэбүрэнгийн тайлбараар бол буруу талдаа хүрдтэй, насжилт өндөртэй автомашины импортыг хориглох шийдвэр гарах нь ээ. Гол нь цаг хугацааны хувьд хэзээнээс эхлүүлэх вэ гэдэг тодорхойгүй байна.

Энэ талаар сайд Р.Эрдэнэбүрэн “Автомашины түгжрэлийг бууруулах хүрээнд дөрвөн замын уулзваруудыг хоёр төвшний болгох, нийтдээ 10 орчим уулзварыг хоёр төвшний болгохоор яриа хэлэлцээр хийгээд явж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд автобуснаас гадна BRT үйлчилгээг нэвтрүүлэх. Мөн буруу талдаа жолооны хүрдтэй автомашинаасаа салж, зөв хүрдтэй шинэ машин руу шилжих шаардлага байна. Улаанбаатар хотын хөдөлгөөнд өдөр бүр 800 мянган автомашин оролцож байна. Огт автомашины унуулахгүй гэсэн үг биш, гэхдээ бас буруу талдаа жолооны хүрдтэй хуучин автомашины импортыг хориглох зэрэг ажлуудыг хийнэ.  Аливаа төслүүдийг эхлүүлэхдээ судалгааг хийх шаардлагатай, хоёрдугаарт мэргэжлийн хүмүүсийн үгийг маш сайн сонсч байна. Шийдвэр гаргах төвшиндөө нэг долгион дээр очсоны дараа асуудлаа зарлана. Мэргэжлийн хүмүүс маань ажиллаж байна” гэлээ.