Хувьцааны тоогоо шалгаарай

“Эрдэнэс-Тавантолгой’ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэрийг гаргасан билээ. 

Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчидэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.

Мөн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЭТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг танилцууллаа. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж, цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.

Үнэт цаасны данс нээлгэхийн тулд бүрдүүлэх бичиг баримт:

Иргэн:

  • Иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн хураамж
  • Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар

Аж Ахуйн Нэгж:

  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар
  • ААН болон эрх бүхий албан тушаалтны хүсэлт, албан тоот
  • Данс дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр, албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтанд зурах гарын үсгийн баталгаат маягт
  • Тамга тэмдгийн дардас

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороонд тусгай зөвшөөрөлтэйгөөр 54 компани мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байна.

Хувьцааны тоогоо шалгах боломж

“Эрдэнэс-Тавантолгой’ компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ тавдугаар сараас эхлэн ногдол ашиг өгөхөөр шийдвэрлээд байна. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96 мянга 480 төгрөг оногдоно. Тухайлбал, 1072 хувьцаатай 1080592 иргэн байгаа бол 1063 хувьцаатай 56346, 741 хувьцатай 334519 иргэн тус тус байна. Түүнчлэн иргэдийн хувьцааны тоо, хэмжээ өөр өөр байгаа. 

  1. Хувьцааны талаарх үнэн бодит мэдээллийг компанийн mn вэб сайт, пэйж хуудас болон “Эрдэнэс-Тавантолгой’ апликейшн, 1072 пэйж хуудас, 1800-1072 тусгай дугаараас авах боломжтой.
  2. Хувьцаа эээмшигч иргэн ett.mn сайтаар орж, НЭВТРЭХ хэсэгт дарж регистерийн дугаар болон утасны дугаараа оруулна. Харин утаснаас бол “Playstore’, “Аррstore’-оос “Эрдэнэс-Тавантолгой’ гэж хайгаад нэгдсэн бүртгэлийн апликейшнийг татаж суулгана.
  3. Аппликейшн татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэрэг боломж бүрдэнэ.
  4. Хэрвээ аппликейшнийг анх удаа ашиглах гэж байгаа бол ногдол ашиг хэсэгт дарж регистерийн дугаар, утасны дугаараа оруулан нэвтэрч орсны дараа дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөрэй. Ингээд та өөрийн хувьцааны тоо ширхэг болон ногдол ашгийн хэмжээг харах боломжтой.
  5. Данс шалгах хэсэгт орж “Эрдэнэс-Тавантолгой’ компанийн хэдэн ширхэг хувьцаатай болохоо шалгахыг хүсвэл өөрийн регистерийн дугаараа оруулж шалгаарай. Мөн данс нээлгэсэн брокерийн компаниа харж холбоо барих мэдээллийг авч болно.
  6. Үнэт цаасны компаниуд хэсэгт орж Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй брокерийн компаниудын хаяг, байршил, утасны дугаар бүхий мэдээллийг авч холбогдон хувьцааны дансаа нээлгэж үйлчлүүлэх боломжтой.
  7. Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн https://net.schcd.mn/registration/default.jspлинкээр орж шалгаж болно.