Өрхийн орлого 45,5 мянга, зарлага 88,2 мянгаар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2019.05.15/  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний дөрөвдүгээр сарын үзүүлэлтийг танилцуулаа.


БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭД 22.5 МЯНГА БАЙНА

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны дөрөвдүгээр сарын эцэст 33 мянга, үүнээс 22.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 952 (4.1 хувь) хүнээр буурч, өмнөх сараас 717 (3.3 хувь) хүнээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.7 мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн долоон мянга нь Улаанбаатарт, 5.3 мянга нь Хангайн бүсэд, 4.2 мянга нь Баруун бүсэд, 3.6 мянга нь Төвийн бүсэд, 2.4 мянга нь Зүүн бүсэд ногдож байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 418 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 212  нь эмэгтэйчүүд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны дөрөвдүгээр сард 6996 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 51.4 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны дөрөвдүгээр сарын эцэст 47.6 хувийг бүрэн дунд, 29.6 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 4.8 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.4 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 1.2 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ БОДИТ МӨНГӨН ОРЛОГО 44.5 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 116.6 мянган төгрөгөөр өслөө.

Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 10.7 мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 58.5 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 30.4  мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны нэгдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 44.5 мянган төгрөгөөр өсчээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны нэгдүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 165.1 мянган төгрөгөөр өслөө.  Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 132.2 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2019 оны нэгдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 88.2 мянган төгрөгөөр өссөн байна.

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ИРҮҮЛСЭН 95 БҮТЭЭЛД ПАТЕНТ ОЛГОЖЭЭ

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 95 бүтээлд патент олгожээ. Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2019 оны эхний дөрвөн сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 161 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 32 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байв. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 95 бүтээлд патент олгосны 59 нь шинэ бүтээлийнх, 36 нь бүтээгдэхүүний загварынх байна. Харин 2019 оны 4 дүгээр сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 25 бүтээлд шинээр патент олгосны 16 нь шинэ бүтээлийнх, ес нь бүтээгдэхүүний загварынх байна.

Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзвэл, 19 нь хими, төмөрлөг, 16 нь хүний хэрэгцээг хангах зүйлс, ес нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 15 нь бусад ангилалд хамаарч байна. Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2019 оны эхний дөрвөн сард 76 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 51 ашигтай загварт гэрчилгээ олгожээ. Харин 2019 оны дөрөвдүгээр сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 16 ашигтай загварт гэрчилгээ олгосон байна.

ӨНГӨРӨГЧ САРД ХДХВ/ДОХ-ЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Улсын хэмжээнд 2019 оны эхний дөрвөн сард 24.9 мянган эх амаржиж, 25.1 мянган хүүхэд төрүүлсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сард 6678 эх амаржиж, 6723 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 195 -аар, амьд төрсөн хүүхэд 196-аар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний дөрвөн сард 346 болж, өмнөх оны мөн үеэс 24  буюу 6.5 хувиар  тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 411 болж, өмнөх оны мөн үеэс 29 буюу 6.6 хувиар буусан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний дөрвөн  сард 14.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 728 -аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 1189 буюу 40 хувиар цусан суулгаар өвчлөгчид 159 буюу 14.3 хувиар гонококкт халдвараар өвчлөгчид 113 буюу 6.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 660 буюу  51.7 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 251 буюу 11.6 хувиар буурсан байна.

Улаанбаатар хотод 2019 оны дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХын нийт тохиолдол 270 байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 15.6 тэрбум төгрөг болжээ.

Харин дөрөвдүгээр сард 3.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 362.5 сая төгрөг  буюу 12.6 хувиар өссөн байна. 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 6.7 тэрбум төгрөгийн 533.6 мянган ширхэг зүрх судасны эм борлуулагдсан нь хамгийн их хувийг эзэлж байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ӨСЧЭЭ

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс  18.1 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд 2019 оны эхний дөрөвдүгээр сард 12.9 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1700 буюу 11.6 хувиар буурчээ. Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2019 оны эхний дөрвөн сард 12.5 мянга болж, 680 нь 18 хүртэлх насны хүүхэд, 5.5 мянга нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас 2019 оны эхний дөрвөн сард гурван мянган хүн гэмтэж, 474 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 90  хүнээр буурч, нас барсан хүн 114-өөр өссөн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны эхний дөрвөн сард 189 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 75 буюу  65.8 хувиар  өссөн байна.

Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний дөрвөн сард 648 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн таван хувийг эзэлжээ. Улсын хэмжээнд 2019 оны эхний дөрвөн  сард 37.6 мянган хүн эрүүлжүүлэгдэж, дөрвөн мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 9.1 мянга буюу 32.1 хувиар баривчлагдсан хүн 666 буюу 19.9 хувиар өссөн байна.

ЭДИЙН ЗАСАГ 2019 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД 8.6 ХУВИАР ӨСЛӨӨ

Дотоодын нийт бүтээгдэхүүн, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 279.9 тэрбум төгрөгөөр өслөө. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 127.7 тэрбум төгрөг (бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 52.2 тэрбум төгрөг), аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 124.9 (11.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

ДНБ, оны үнээр 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2(17.0%) их наяд төгрөгөөр өслөө. Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны 1 дүгээр улиралд өмнөх улирлаас 0.1 хувиар өслөө. Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.0 (15.6%) их наяд төгрөгөөр өслөө.

БОЙЖУУЛСАН ТӨЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 3.8 САЯ ТОЛГОЙГООР ӨСЛӨӨ

Улсын хэмжээнд 2018 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 29.8 сая хээлтэгч малын 18.3 сая нь 2019 оны эхний дөрвөн сард төллөсөн байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 3.8  сая буюу 26.8 хувиар өссөн байна. Том малын зүй бус хорогдол 2019 оны эхний 4 сард улсын хэмжээнд 441.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1.1 саяар буурав. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 203.6 мянга, хонь 182.4 мянга, үхэр 34.0 мянга, адуу 21.2 мянга, тэмээ 425 толгой байна. Нийт хорогдсон малын 46.1 хувийг ямаа, 41.3 хувийг хонь эзэлж байна. Улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2019 оны эхний 4 сард 9.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 21.9 (70.9 хувь) мянгаар буурлаа.

НЭГ КИЛОГРАММ НООЛУУР 122 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Цагаан ноолуурын 1 кг-ын үнэ Архангай аймагт хамгийн их буюу 122 мянган төгрөг байна Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны дөрөвдүгээр сард ат Өмнөговь аймагт хамгийн их буюу 1.3 сая төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 782.7 мянган төгрөг, соёолон үрээ БаянӨлгий аймагт хамгийн их буюу 1.0 сая төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 588.9 мянган төгрөг, хязаалан шар Дундговь аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 558.3 мянган төгрөгийн үнэтэй байна.

Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Дархан-Уул аймагт хамгийн их буюу 192.5 мянган төгрөг, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 120.0 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Дархан-Уул аймагт хамгийн их буюу 143.3 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 82.5 мянган төгрөг байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны дөрөвдүгээр сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 13.7 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 3000 төгрөг, бусад аймагт 5-12 мянган төгрөг байна.