МАН УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гишүүнчлэлийг нь сэргээж магадгүй гэх албан бус мэдээлэл байна. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг 2020 оны нэгдүгээр сард МАН-ын Хяналтын хороо намын дүрэм, ёс зүйн зарчим зөрчсөн хэмээн намаасаа хасах шийдвэрийг гаргасан бөгөөд тэрээр өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байв.
2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр тэрээр анхан шатны шүүхээс ял сонсч хоригдсон байсан учир түүний сонгуулийн сурталчилгааг гэр бүлийнхэн нь хийж байсан билээ.
Түүний хувьд намаасаа хөөгдсөнийхөө дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын ажлыг гүйцэтгэж байхдаа “ажилдаа хяналт тавьж ажиллаагүй’ хэмээн нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулж, нэг жилийн хорих ял оноосныг биеэр эдлэж энэ оны дөрөвдүгээр сард суллагдсан. Түүнийг хот хөдөөгүй сүүлийн үеийн чадварлаг залуу улс төрчдийн нэг хэмээн үнэлдэг.
Түүнийг МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон, намын дарга У.Хүрэлсүхтэй ширүүхэн маргасан нь торны цаана суух үндэслэл болсон гэх хардлага ч бий.
Тэгвэл өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал түүний МАН-ынх нь гишүүнчлэлийг сэргээх шаардлага үүсгэсэн байх магадлалтай. Учир нь Сонгинохайрхан дүүрэг болон Дорнод аймагт нөхөн сонгууль болно. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Дорнод аймгаас нэр дэвшиж сонгогдож байсан удаатай. Хэрэв түүний гишүүнчлэлийг сэргээхгүй, тэрээр бие дааж нэр дэвшвэл МАН нэг суудлаа түүнд алдаж мэднэ.
Мөн МАН түүний гишүүнчлэлийг сэргээж байгаа бол Дорнодод нэр дэвшүүлж нэг суудлаа авах санаатай ч байж болно.
Гэхдээ түүний хувьд намдаа буцаж орох эсэх нь эргэлзээтэй. Түүний хувьд шүүхээс нэг жил хорих ял сонсохдоо найм сар хоригдсон байсан бөгөөд магадлангаар суллагдах боломж байсан боловч “энэ эрхээ эдлэхгүй хилсээр оноосон ялыг чинь эдлээд гарна’ хэмээн шазуур зууж нэг жилийн ялыг биеээр эдлээд суллагдсан.
Хэрэв түүний хувьд намдаа элсэхгүй бие дааж нэр дэвшинэ гэх юм бол МАН өөр хүн нэр дэвшүүлэхээс аргагүй. Мэдээж Н.Номтойбаярын хувьд хуучин нэр дэвшиж, ялалт байгуулж байсан тойрог учир өлхөн ялалт байгуулах магадлалтай.
Хэрэв тэрээр бие даагаад сонгогдчихвол УИХ дахь МАН-ын эсрэг зогсох хүчтэй сөрөг хүчин болохыг ч үгүйсгэхгүй.