Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы энэ сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэн хэлэлцүүлжээ. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зуйлийн 42.2.1-д заасны дагуу төслийн 7.1.36, 7.1.37 дахь заалт, 7.2 дахь хэсгийг дахин томьёолж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар хуулийн үйлчлэх хугацааг аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл гэж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн “өдрийг хүртэл” гэснийг “өдрийг дуустал” гэсэн саналууд Байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан дээрх саналуудыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул хуулийн төслийн 18.1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, Т.Доржханд, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авлаа. Ё.Баатарбилэг гишүүн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, үүн дээр цар тахлын улаан шугамд албан үүрэг гүйцэтгэж буй онцгой байдлын байгууллага болон цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид зэрэг 5000 орчим хүнийг хамруулах боломж бий эсэхийг тодруулсан. Д.Сарангэрэл гишүүн дээрх шийдвэрийг дэмжиж байгаа ч санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газар хэрхэн шийдвэрлэж байгаа талаар асууж, хариулт авав. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий энэхүү хууль энэ оныг дуустал хэрэгжинэ. Харин энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой, хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулна. Тэгвэл хуулийн үйлчлэл дуусах үед Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны байгууллагын эрх зүйн асуудал хэрхэх талаар Т.Доржханд гишүүн тодруулж, хариулт авсан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариул тайлбар авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасны дагуу зарчмын зөрүүтэй саналын 3 томьёолол, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасан байдгийн дагуу хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 64 гишүүний 47 нь буюу гишүүдийн 73.4 хувь нь дэмжиж, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.
Цар тахлын үеийн эрх зүйн зохицуулалтын хэрэгжих хугацааг энэ удаа сунгаж байгаа ч цаашид Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэнчлэн Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлж, Онц байдлын тухай болон Гамшгаас хамгаалах тухай хуулийг нэгтгэн, олон улсын жишигт нийцсэн хууль баталж гаргах нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Цаг зуурын бэрхшээл хэдийд ч тулгарч болзошгүй, цаг агаар, экологи, техник технологийн дэвшил гээд өөрчлөгдөж байгаа цаг үедээ нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам тэргүүтэй холбогдох бүх тал онцгой анхаарч, ажиллах чиглэл өгөв. Хүний хязгаарлаж болох эрх, эрх чөлөө, хязгаарлаж болохгүй эрх, эрх чөлөөний заагийг онцгой байдлын тухай эрх зүйн зохицуулалтаар бусад улс орнууд хийсэн байдаг. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар Гамшгаас хамгаалах тухай хуулийг 2017 онд баталсан, цар тахлын нөхцөлтэй холбогдуулан хоёр удаа өөрчлөлт оруулсан. Харин Онц байдлын тухай хуулийг 1995 онд баталсан байдаг юм билээ. Эдгээрийг нэгтгэн, цаг үедээ тохирсон, олон улсын жишигт нийцсэн эрх зүйн цогц зохицуулалт болгох чиглэлд ажиллах гишүүдийн саналыг талууд анхаарч ажиллаарай хэмээн сануулав. Улсын Их Хурлын зүгээс цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг бүхий л талаараа дэмжин, шуурхай ажиллаж байгааг энэ үеэр Г.Занданшатар дарга тэмдэглэн хэлсэн байна.