“Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнийн нээлт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр (2022.01.13) боллоо.

 

 

Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, ололт, амжилтыг бататган бэхжүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж 97 дугаар тогтоол баталсан бөгөөд тус тогтоолын хүрээнд Үндсэн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, эрхэмлэн дээдлэх ухамсар соёлыг төлөвшүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музейтэй хамтран зохион байгуулж байна.

 

Үзэсгэлэнг нээж Улсын Их Хурлын дэд дарга, Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ  “… Ардчилсан шинэ Үндсэн хуулиараа бид Монгол Улс ардчилсан улс болохоо, ардчиллын замаар цаашид тууштай замнахаа дэлхий ертөнцөд зарлан тунхаглаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахаа илэрхийлж, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тамгалан баталгаажуулсан. Өнөөдөр нээлтээ хийж буй үзэсгэлэнгийн үзмэрүүд  нь Үндсэн хуульт байгууллын болон Үндсэн хуулийн түүх, төрт ёс, түүхэн уламжлалыг олон нийтэд, ялангуяа хүүхэд залууст таниулах, Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой. Найман өдөр үргэлжлэх үзэсгэлэнд саатан морилж, үзэж сонирхохыг нийт иргэддээ уриалж байна. Үндсэн хуулийн түүх гэдэг бол тусгаар Монгол Улсын түүх юм шүү” гэж тэмдэглэв.

 

 

 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх, олон нийтэд тайлбарлан таниулах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийг уг эхээс нь хуулбарлан бүтээж, Үндэсний музейд залах тухай зарлиг гаргасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцуулаад уг эхээс нь гэрэл зургийн аргаар хуулбарлан нэг хувь бүтээсэн Үндсэн хуулийг Монголын үндэсний музейн захирал Л.Жаргалд гардууллаа.

 

Үзэсгэлэнд 1924, 1940, 1960, 1992 Үндсэн хуулийг анх удаа нэг дорж байрлуулж, олон нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлог юм. Мөн БНМАУ, Монгол Улсын Төрийн сүлд, далбаа болон үе үеийн Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахтай холбоотой гарсан зарлиг, тогтоол, шийдвэр, хэлсэн үг, ухуулах бичиг, зааварлан сургах бичиг зэргийг архивын эх баримтаар нь дэлгэжээ. Мөн Үндсэн хуулийн төслийн хувилбарууд, иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, Улсын Бага Хурал, Ардын Их Хурлын чуулганы тэмдэглэл зэрэг эд өлгийн зүйлсийг нийтийн хүртээл болгож байна.

 

 

 

 

Нээлтийн үеэр үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Э.Ариунтуяа зочдод тайлбарлан, үзүүллээ. Үзэсгэлэнг үзэж сонирхсон зарим хүмүүс сэтгэгдлээ хуваалцав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эх хууль маань ямар их замнал туулж ирснийг,  хэрхэн бичигдсэнийг хүүхэд залууст танин мэдүүлэх нь их чухал гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгч байгаа. Энэхүү үзэсгэлэнд Үндсэн хуулийн түүхийг эх хувиар нь дэлгэсэн нь үнэхээр бахархууштай гэв.

 

 

 

Ардын Их Хурлын 430 дугаар тойргийн депутат Д.Тогооч Үндсэн хуулийг батлалцсан депутатууд иргэдийнхээ хүсэл  зоригийг биелүүлж, зохих ёсоор батлуулахад мэддэг чаддагаа зориулсны үрээр аятай сайхан хууль болсон хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн бол Үндсэн хууль судлаач П.Амаржаргал 1924 оны Үндсэн хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Балингийн Цэрэндоржоор ахлуулсан ажлын хэсэг хэрхэн ажиллаж, боловсруулсан тухай баримтууд, түүнээс хойших Үндсэн хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн бичгүүд эх хувиараа байгаа нь Үндсэн хууль судлаачдад, сонирхогчдод маш үнэтэй, үзүүштэй материалууд. Энэ бүгдийг ард түмэнд түгээн дэлгэрүүлэх нь маш зүйтэй хэмээв.

 

 

Үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Монголын Үндэсний музейн нэгдүгээр давхрын танхимд байрлах юм. Ард иргэд үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой аж. Үзэсгэлэнгийн нээлтэд хууль тогтоогчид, Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга, Ерөнхийлөгчийн Хууль цаазын бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаачид зэрэг төлөөллүүд оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.