Н.Мөнхнасан: Монцемент төсөл шиг барьцаа хөрөнгөтэй төсөл байна уу

АТГ-аас бидний зээлийг зориулалтаас гадуур ашигласан уу, үйлдвэр үнэхээр баригдсан уу гэдгийг шалгасан.

Үйлдвэр барьж байгуулахаас гадна тухайн орон нутгийнхаа дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байдаг. Монцемент төслийн хувьд энэ дэд бүтцийг бий болгоход 40 тэрбум төгрөгийн зардлыг зам, төмөр зам, усан хангамж цахилгаан, цахилгаан, вагоны толгой зэрэгт зарцуулсан.

Хөгжлийн банкинд манай компани шиг барьцаа хөрөнгө тавьсан төсөл байгаа эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Монполимент группийн хувьд Хөгжлийн банкинд өөрийн оффисийн таувэр, хоёр үйлдвэр, бусад экскаватор зэрэг хөдлөх хөрөнгө гээд нилээн байдаг. Энэ бүх барьцаа хөрөнгийг Хөгжлийн банк аудит оруулж, ирж тоолж шалгаж ирдэг.  Нийт санхүүжилтийн 20 хувьд Хөгжлийн банкны жаран таван сая ам.долларын зээл олгогдсон. Харин 80 хувь нь Европын Сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилт болон манай өөрийн санхүүжилт байдаг. Олон улсын зах зээлээс хөрөнгө босгож санхүүжилт орж ирэн үндэсний бүтээн байгуулалт хийхэд барьцаа хөрөнгө хэрэгтэй болдог. Энэ мэт томоохон төсөл, хөтөлбөр дээр тухайн үед Засгийн Газрын оролцохоос өөр аргагүй байсан. Хөгжлийн банкны энэ зээл дээр барьцаа хөрөнгө дээр 200 жилийн нөөцтэй шохойн орд маань байгаа. Энэ орд бол 200 жил тасралтгүй ажиллах нөөцтэй гэж дээр дурдсан. Тус ордыг түшиглэсэн үйлдвэр маань шинээр баригдсан инженерчлэл дээрээ явж байгаа. Уг ордыг Хөгжлийн банкны барьцаанд тавихаар санал оруулаад ТУЗ-аар ороод батлагдаад ирсэн.

Барьцаа хөрөнгөгүй зээл аваад эргэн төлөлт хийгдээгүй явж байгаа бол эрүүгийн хэрэгт холбогдоно. Хөгжлийн банк бидэнд тавьсан шаардлагаа бүгдэд адил хэмжээнд тавьсан бол өнөөдрийн энэ байдал үүсэхгүй байсан. Мөн ААН-үүдэд ханшийн зөрүүний алдагдлыг үүрүүлэх, ялангуяа үйлдвэрлэгч нарын зээлийг хэрэглээний зээлтэй хольж ойлгож болохгүй. Цементийн үйлдвэрлэл бол 10-15 жилийн хугацаанд өртгөө эргэн нөхдөг үйлдвэрлэл.

Энэ жилдээ багтаад үндсэн зээлээ төлж дуусгахаар ажиллаж байгаа. Зээлийн эргэн төлөлтийг аль болох хурдан хугацаанд төлөхгүй бол өртөг маш өндөр. Өндөр гэдэг нь хүү, инфляц гээд хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч 20 гаруй хувийн нэмэгдэлтэй байгаа юм. Зээлийг эргэн төлөхийн хувьд үйлдвэрлэл тасралтгүй явагдаж байж, орлоготой байх хэрэгтэй. Бид одоогийн байдлаар тооцоо нийлсэн актаар 118 тэрбум төгрөг, 49 сая ам.доллар Хөгжлийн банкинд төлсөн байгаа. Бид 2019 оноос эхлэн зээлээ төлж ирсэн.

Хөгжлийн банкны зээлийг зориулалтын бус ямар ч зүйлд зарцуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Энэ төслийн хүрээнд 2000 ажлын байр шууд болон шууд бусаар бий болсон. Яг үйлдвэр дээр жилийн дөрвөн улиралд 600 гаруй ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Уг үйлдвэрийн гол онцлог нь ногоон технологи. Энэ технологи бол байгальд ээлтэй. 200 гаруй сая доллар гадагшаа урсах байсныг уг үйлдвэрийг байгуулснаар дотооддоо авч үлдсэн. Ингэхдээ чанаргүй импортын цементийг маш өндөр чанартай цементээр сольж чадаж байгаа.

Сүүлийн 30 жилд үйлдвэржилтийн талаар ямарч бодлого бариагүй хор одоо гарч байна. Цар тахлын үед бид ихээхэн зүйл дээрээс харж байна. Нийгэм эдийн засгийн нөлөөллийг өнөөдөр яривал маш их хугацаа орно. Цаашдаа стратегийн үйлдвэр барьж байгуулж ажиллая гэсэн залуус өнөөдөр шантрах хэмжээнд байна. Бүтээн байгуулалтыг хийж байхад дэмжихгүй гээд доош татах нь бидний хөгжил уруудахын л шинж. Хүнд аж үйлдвэрийн салбарт бодлогоор дэмжих ажил хийгдэхгүй бол энэ цаашаа явж чадахгүй гэдгийг харж байна.

Т.Түвшин