Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа дэлхийн гурав дахь ноён оргил Канченжунгагийн оргилд гарахаар бэлтгэлээ базааж эхэлжээ.
Монголын шилдэг уулчин Б.Гангаамаа нэлээд хугацаанд завсарласны дараа монгол хүн мөрөө гаргаж байгаагүй тус оргилд Төрийнхөө далбааг мандуулахаар зорьж байна.
Хималайн нурууны нэгэн оргил болох Канченжунга нь 8586 м өндөртэй, Балба болон Энэтхэгийн Сикким мужийн хилийн зурвас дээр оршдог. Гавьяат уулчин Б.Гангаамаа 2011 онд дэлхийн зулай Эверест /8848м/-д гарснаар уг оргилд гарсан анхны монгол эмэгтэй, харин хоёр дахь монгол хүн болсон билээ.
Тодруулбал тэрээр,
2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс /4884 м/
2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив/4897м/
2018 он долдугаар сарын 23 нд Чогори /К2-8611 м/-т тус тус гарсан юм.
Б.Гангаамаагийн амжилтыг 2016 оны байдлаар дэлхийн 18 эмэгтэй уулчин гаргажээ.