Улсын дээд шүүхэд ирэх Лхагва гаригт Д.Сүндий нарын өмгөөлөгч болон прокурорын бичсэн эсэргүүцлийг хэлэлцэх аж.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хэлэлцсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр заасны дагуу уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдааныг ирэх Лхагва гаригт хийхээр товложээ.
Сануулахад:
“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндийд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хэлэлцэж ял оноосон байдаг.
Тодруулбал, Д.Сүндийг цагдаагийн нэр бүхий алба хаагчдад хээл хахууль өгч, өөрийнхөө гэмт хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгуулсан гэм буруутай хэмээн үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жилийн ял оноосон.
Харин Д.Сүндийд холбогдох эрүүгийн хэргийн нотлох баримтыг устгуулах хэргийг хэрэгсэхгүй болгон хаалгах зорилгоор цагдаагийн нэр бүхий алба хаагчдад 15,000,000 төгрөгийн хахуулийн мөнгийг өгсөн гэх Д.Баттөгс, болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав нарт нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ялаар шийтгэсэн.
Тэгвэл дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Д.Сүндий нар давж заалдах шатны шүүхэд хандаад байсан бөгөөд өнөөдөр /2022.02.08/ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хурал болсон.
Улмаар шүүх бүрэлдэхүүн, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Тодруулбал, түүнд оногдуулсан байсан гурван жилийн ялыг зургаан сар болгон бууруулсан билээ.
Д.Гэрэлээ