Эрдэнэт-Хялганат чиглэлийн авто замын ажил эхлэнэ

Эрдэнэт үйлдвэрийн болон улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлийн авто замын хоёрдугаар багцын ажил 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэхээр болжээ. Хоёр дахь багцын 23.6 км авто замын ажлын гүйцэтгэгчээр “Хурдны зам” компани шалгарсан бөгөөд ирэх долоо хоногт ажил нь эхлэхээр болжээ.

Хоёр дахь багцын төсөвт өртөг нь 13.4 тэрбум төгрөг бөгөөд Хангал сумын төвөөс цааш Хялганатын гүүр хүртэлх авто замын хэсэг орох юм. Мөн энэ төсвөөр Хангал сум болон Хялганат тосгоны төв доторх авто замыг асфальтаар хучих юм байна.

Нэгдүгээр багц буюу Эрдэнэт- Хангал чиглэлийн 30 км авто зам болон үйлдвэрийн технологийн зам болох Подъём-1, 2 “Сэлэнгэ” амралтын бааз уруу явсан 10.4 км хатуу хучилттай авто замын ажлын тендэрийг хоёр ч удаа зарласан боловч одоогоор компани шалгараагүй байгаа аж.

Учир нь замын зураг төсөв хуучирсан, хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан түүхий эд, шатахууны үнэ өссөнтэй холбоотой зам, барилгын ажилд төдийлөн гүйцэтгэгч компани орохгүй байгаагаас бүтээн байгуулалтын ажлууд цаг алдаж байгаа талаар энэ ажлыг санаачлан эхлүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тайлбар хийжээ.