Хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33 албан тушаалтныг шалгаж байна

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаанд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотой мөрдөн байцаалтын 6, хэрэг бүртгэлтийн 26 хэрэгт прокуророос хяналт тавин ажиллаж байна. Үүнээс улс төрд нөлөө бүхий этгээд 4, Хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 24 албан тушаалтан зэрэг нийт нэр бүхий 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Хөгжлийн банкны 8 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 6 албан тушаалтанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэв.