Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ. МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Тэгвэл Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр хуралдаж Засаг даргын томилгоог хэлэлцэх аж. Тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түүнийг Засаг даргаар ажлуулах эсэхийг хэлэлцэж шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлэх ёстой.
Э.Болормаа гэж хэн бэ?
Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад Э.Болормаа Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ
Сануулахад: Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.