Цэцийн дарга Д.Одбаяр хэвлэлийн хурлаа цуцаллаа. Тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан бөгөөд энэ талаараа хэвлэлийн хурал хийхээр товлосон байсан боловч хойшлуулжээ. Учир нь цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 21-нд ирэх аж. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагт хэлэлцэхээр товлосон байна.
Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д зорчихдоо ёс зүйгүй үйлдэл гаргасан бөгөөд түүнийг тус улсаас 10 хоног гаргахгүй шалгаж, мөнгөн торгууль торгосон юм. Тэрбээр ийн асуудлын дараа Монголдоо арваннэгдүгээр сарын 14-ний өдөр ирсэн бөгөөд ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн гишүүддээ гаргажээ. Түүнийг чөлөөлөх эсэхийг Цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар эцэслэх юм.