Цаг агаарын нөхцөл байдлын улмаас цасанд суусан дуудлага мэдээлэл Багануурт-3, Багахангай-1, Төв аймагт-2 бүртгэгдэж алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.
Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Өвөр Жанчивлангийн ойролцоо 100 иргэн тээвэрлэсэн 2 автобус цасанд суусан гэх дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн ажиллажээ.
Мөн Багануур дүүргийн 2-р хороо Нарийны ам хэмээх газарт их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай, Портер болон Приус-30 маркийн авто машинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:50 цагт ирүүлснээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход 22-48 насны 3 том хүн, 0-13 насны 5 хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн амь насыг нь авран хамгааллаа.
Иргэд, олон нийт онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.