Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Дараагаар нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний талаар УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт тавих гишүүн байсангүй. Тиймээс хуулийн УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувийн саналаар уг тогтоолын төслийг баталлаа.
Үүний дараа чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлж, буцаан олгох хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэрийг барих явцад дотоодод үйлдвэрлэх боломжтой тоног, төхөөрөмжийг экспортлох бөгөөд түүнд төлсөн татварыг 100 хувь буцаан олгох тухай юм. Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал гаргаж, хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийг батлав.