Яруу найрагч Ц.Хулангийн хүү У.Равдан цахим хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийллээ. Түүний байр суурийг хүргэе.
Яруу найрагч Ц.Хулангийн хүү У.РАВДАН: Би яруу найрагч Хулангийн хүү Равдан байна. Бид бүхэн ээжид холбогдох хэрэг гэгчийн шүүх хурлыг дуустал тэвчээртэйгээр, цагаадна гэсэн итгэлтэйгээр хүлээлээ.Гэвч шүүх, хууль хяналтынхан нийлээд ээжийг минь гэм буруутай хэмээн үзлээ. Үүнтэй холбоотой хэдэн зүйлийг товчхон хэлмээр байна:
1. Ээжийг маань дарамталж эрхшээлдээ байлгахын тулд 6 сарын өмнө надад АТГ-т хэрэг нээсэн. Миний ойр дотны найз нөхдийг дуудаж, намайг хэрэгт хийх зорилгоор олон талаар байцаасан. Хэрвээ би Монгол руу буцвал намайг мөн шоронд хийнэ. Би очоод нөхцөл байдал улам дордох учир эндээс очиж чадахгүй байна.
Өртөг өндөр газар эхнэр хүүхдүүдээ орхиод, ээжийгээ ч улам хүнд байдалд оруулахыг хүсэхгүй байна. Ингэж гэр бүлээр нь дарамтлан хэлмэгдүүлдэг юм байна. Мөн өмгөөлөгч Оюунбаатар гуай энэ хэрэг гээд байгаа зүйлээс чинь болж ардчилсан гэх Монгол улсад анх удаа өмгөөлөгчийг мөрдөн мөшгиж, гүйцэтгэх ажиллагаа явуулж, хүний эрхийг зөрчиж байгааг мэдэх үү? гэсэн.
2. Ээжийг гадны Тагнуулын Албанаас $800,000 авсан гэх ор үндэслэлгүй зүйл зохиож сошиалаар мэдээ их явуулж байна. Хэрвээ үнэхээр мөнгө авсан бол үр хүүхэд нь эх орон, хайртай дотны бүхнээ орхиод хүний газар ажиллаж амьдрах байсан уу. Мөн ээж минь хоригдохоосоо өмнө зээл тавин барин жижиг канад байшин бариулж түрээсийн орлого олохоор хөдөлмөрлөж явсан. 100 айлынхан мэднэ дээ. Ийм хүн $800,000 болон тэр яриад байгаа их хэмжээний мөнгө авсан байж таарах уу?
3. Яруу найрагч Ц.Хулан төрийн нууцад хамаарах ямар мэдээлэлтэй ойрхон байсан юм бэ? Ямар нууцыг хэнд өгөөд хэнийг яаж хохироосон юм бэ? Түүний өмгөөлөгч Оюунбаатар гуай мөн адил Хулангийн хувьд ямар ч төрийн нууцтай танилцаагүй, хэнд ч дамжуулаагүй гэж хэлсэн байсан. Ээж минь зүгээр л яруу найрагч, сэтгүүлч, нийтлэлч, үзэл бодлоо чөлөөтэй хэнээс ч айдаггүй илэрхийлдэг. Нууц гэдэг нэрийн доор хэн нэгэн бүлэг этгээдийн эрх ашгийг хамгаалахын тулд зохион байгуулалттай хэлмэгдүүлээд байна.
Гэхдээ ийм байлаа гээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж явсны төлөө хүн хэлмэгдүүлж болдог юм уу? “Нэг нь нийтийн төлөө Нийт нь нэгнийхээ төлөө” гэдэг үг байдаг. Ээж маань нийтийнхээ төлөө үгээ чөлөөтэй илэрхийлж явдагтаа ялтан болж байна. Одоо нийт нь нэгнийхээ төлөө нэгдэж тэмцэх цаг болжээ. Олон ярих зүйл байвч одоо ингээд товчхон дуусгая. Энэ бүхэнтэй бид эцсээ хүртэл бүх аргаар тэмцэнэ. Ээжтэй минь таарах төрийн албан хаагч бүхэн хүнлэг байгаарай.
Өмгөөлж хамгаалах хүүтэй,
Түмэн олондоо нэртэй хүн шүү.