Прокурор 2023 оны 7 дугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 379 удаа танилцаж, 10 шалгалт, 1 судалгаа хийжээ.
Дээрх хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 50 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 5 шаардлага бичиж хүргүүлэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.
Прокурор ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгосон эрх нь зөрчигдөж байсан 1 ялтан, этгээдийн эрхийг сэргээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулжээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх талаар 71, хоригдлыг хугацааны өмнө суллах талаар 130 санал тус тус ирүүлснийг прокурор хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 48 саналыг буцаан, шаардлага хангасан бусад саналд дүгнэлт бичин шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Тухайлбал, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 4, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 13, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 14 хүний ялыг хорих ялаар солиулж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 86 хоригдлыг хугацааны өмнө сулласан байна.