Мөрийтэй тоглоом зохион байгуулсан найман хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-оос 24-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.846, мөрдөн байцаалтын 3893 хэрэгт хяналт тавьж, нийт 319 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 167, Өмчлөх эрхийн эсрэг 90, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Р.Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн албан тушаалтанд бусдын хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор хахууль өгөхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1, 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Цайр, төмрийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК нь Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 17 нэр төрлийн бодисыг хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Иргэн А.Д, Б.Т нар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий клуб нээж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан гэх 8 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргий анхан шатны шүүхэд;

Иргэн Б.Б, Э.Н нар нь “Тайландад өндөр цалинтай ажил байна” гэж Монгол Улсын нэр бүхий иргэдийг хууран мэхэлж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор Тайланд Улс руу явуулж, хүн худалдаалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.