Нүүрсний хулгайн хоёр дахь шатны сонсголд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГ-ийн Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг гэрчээр дууджээ.
Тэрбээр
- Эрдэнэс Тавантолгой ХК-д Тавантолгой ордын Бор тээгийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ажил
- Хагас коксжсон шахмал түлш гэсэн сэдвүүдээр гэрчийн мэдүүлэг өгөх юм байна.
Хоёр дахь шатны сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалт, оффтейк гэрээ зэргээр олны анхаарал татсан асуудлуудын талаар шинжээчдийн дүгнэлтийг сонсох юм.
Сануулахад: Засгийн газар энэ жилийг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсголыг зохион байгуулж буй. Ерөнхий сайд авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүн бүхэнд хариуцлага тооцох ёстойг Хуульзүйн сайд Б.Энхбаярт анхааруулсаар буй.
Тэгвэл нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь МАН гишүүд байгаад зогсохгүй ЗГ-ийнх нь гишүүд ч нэр холбогдон гэрчээр дуудагдаж байна. Тэгэхээр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үнэхээр шударга байж өөрийн намын нөхөд болон хамтран ажиллаж буй Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцож чадах эсэхийг харах л үлдлээ.