Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт холбоотойгоор Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн байсан. Тэгвэл Дээд шүүх Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх хурлыг товложээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 2604 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 175 дугаар магадлалтай, Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн энэ сарын 17-ны өдөр /2024.04.17/ хянан хэлэлцэхээр болсон байна.
Эргэн сануулахад, “Шувуу” ажиллагааны хүрээнд эх оронд нь авчирсан Т.Бадамжунайг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т “хахууль өгөх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэг холбогдуулан шалгасан байдаг.