Монголбанк хар жагсаалтад орсон ААН, иргэдийг ӨРШӨӨЛД хамрууллаа

Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөх шийдвэрийг өнөөдөр гаргажээ.

Өөрөөр хэлбэл, хар жагсаалт буюу зээлийн хар түүхтэй иргэн, аж ахуй нэгжийг нэг удаад өршөөж байгаа бөгөөд мөн зээлээ төлөөгүй иргэдэд зургадугаар сарын 2-ны өдөр хүртэл боломж олгож байгаа юм байна. Энэ хугацаанд зээлээ төлөх юм бол хар жагсаалтаас хасна гэсэн үг ажээ.

Тодруулбал, Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэсэн юм байна.