УГТЭ: Ховд аймгийн 5 сумын 1000 иргэнд тусламж үзүүллээ

Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн эрт илрүүлгийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Манхан, Дарви сумдад дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс тавдугаар сарын 6-ны өдрүүдэд ажиллажээ.

Тус эмнэлгийн зүрх, мэдрэл, бөөр, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн төрөлжсөн мэргэшлийн 19 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн нүүдлийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн дээрх орон нутгийн алслагдсан сумдын ард иргэдийг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахын зэрэгцээ тэдэнд лавлагаа шатлалын эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг ойртуулж, эрүүл мэндийн асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж ажилласан байна.

Ховд аймгийн дээрх таван сумын 1000 орчим иргэнд нийт лабораториийн болон рентген шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ходооны дуран, бамбай, хөх, хэвлийн ЭХО болон эмэгтэйчүүдийн ПАП шинжилгээ, дотор, зүрх, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг зэрэг нийт 7235 тохиолдлын оношилгоо шинжилгээг цаг тухай бүрт шуурхай үзүүлж ажиллажээ. Нүүдлийн эмнэлгийн гуравдугаар ээлжийн баг 2024 оны тавдугаар 8-ны өдрөөс эхлэн Завхан аймагт үйл ажиллагаагаа үрглэжлүүлэн ажиллаж байгаа аж.