Одоо зарлагдаад байгаа орон орны тэтгэлгийн талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
ДОТООДЫН ТЭТГЭЛЭГИЙН МАТЕРИАЛ АВАХ ХУГАЦАА 17 ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА
Оюу толгой компанийн жил бүр уламжлал болгон зарладаг дотоодын тэтгэлэг зарлагджээ. Тус тэтгэлгийн ерөнхий шалгуур нь Монгол Улсын иргэн, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутан байх. Мөн өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй, заасан мэргэжлийн чиглэлээр 2-4 дүгээр дамжаанд суралцдаг байх шаардлагатай.
Материалыг энэ сарын 27 дуустал хүлээж авна гэжээ.
ӨМНӨГОВИЙН ХАРЬЯАТ 1-4 ДҮГЭЭР КУРСИЙН ОЮУТНУУД ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас мөн оюутны тэтгэлэг зарласан байна. Тус тэтгэлгийн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролыг дэмжих чиглэлийн хүрээнд Өмнөговь аймгийн харьяат оюутан, залуусыг Монгол Улсын их дээд сургуульд суралцаж, чанартай дээд боловсрол эзэмших, эх орондоо болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг хүний нөөцийг бий болоход дэмжлэг үзүүлэх.
Хамрах хүрээний тухайд дотоодын их, дээд сургуулийн 1-4 дүгээр дамжааны Өмнөговь аймагт оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй оюутнууд байх.
Тавигдах шаардлага
1. Тэтгэлэгт хамрагдагч нь Өмнөговь аймагт оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй байх;
2. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 1, 2, 3, 4 дүгээр дамжааны оюутан байх;
3. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сургалтын голч дүн “2.8” болон түүнээс дээш байх;
4. 2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр дамжаанд элсэн суралцах оюутан бол Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын гэрчилгээний дундаж дүн 90 хувиас дээш байх;
5. Нэг өрхөөс нэг л оюутан хамрагдах хүсэлт гаргах.
Материал хүлээн авах хугацаа нь ирэх сарын 1-нд дуусах аж.
ЗОРИГ САН 20 ОЮУТАНД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
Зориг сан, Палома ХХК-тай хамтран “Эрүүл мэнд эрхэм баялаг, эрдэм мэдлэг дээдийн баялаг” уриан дор дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид хоёроос дээш дамжаанд суралцаж байгаа 20 оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөр зарлажээ.
Материал хүлээн авах хугацаа энэ сарын 15-нд дуусна.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар сургалтын төлбөрийн тэтгэлэг, төслийн менежментэд суралцаж нийгмийн сайн сайхны төлөөх бичил төсөл хэрэгжүүлэх аж. Мөн багаар ажиллаах чадварт суралцаж, хувь хүний хөгжил, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад хамрагдах боломжтой. Тавигдах шаардлага нь голч дүн 3.2 ба түүнээс дээш байх, үе тэнгийн залуустай өөрийгөө сорих, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх.
МУИС-ИЙН 2, 3 ДУГААР ДАМЖААНЫ ОЮУТНУУДАД 12 БАГЦ ЦАГТАЙ ТЭНЦЭХ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
Монгол Улсын Их сургуульд суралцаж байгаа идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих зорилготой тэтгэлгийн материал авах хугацаа тав хоногийн дараа дуусна. Тодруулбал, МУИС-ын 2, 3 дугаар курсд сурдаг, 3-аас дээш голч дүнтэй оюутнуудад сургалтын 12 багц цагтай тэнцэх тэтгэлэг олгох аж.
Бүрдүүлэх бичиг баримт нь хүсэлт гаргагч анкет бөглөж, дүнгийн тодорхойлолтоо хэвлэж, амжилт, нийгмийн идэвхээ батлах бичиг баримтын хуулбар.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утасны дугаар нь 77307730-1514.