НҮБХХ БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА) дэмжлэгтэйгээр “Монгол улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг оролцоог дэмжих нь” төслийг 2021 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, эмэгтэй улс төрчдөд тулгардаг бүтцийн болоод бусад сорилтыг даван туулах, сонгогчид, хэвлэл мэдээлэл, улс төрийн намуудын жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, дэмжих механизмыг бүрдүүлэхээр зорьж байна.
Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн дээрх төслийн хүрээнд 2021 онд “Шийдвэр гарах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” судалгааг гүйцэтгэсэн. Өмнөх судалгааны дүнтэй харьцуулах замаар шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн ойлголт, төсөөлөл хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлох зорилгоор 2024 онд “Шийдвэр гарах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” судалгаа 2-ыг гүйцэтгэлээ.
Тус судалгааны хүрээнд нийслэлийн 6 дүүрэг, 7 аймгийн 25 сумдаас цуглуулсан асуулгад 1200, 26 удаагийн фокус бүлгийн ярилцлагад 169, эрэгтэй, эмэгтэй улс төрчидтэй хийсэн стандартчлагдсан ганцаарчилсан ярилцлагад 100 хүн оролцлоо.
2024 оны “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа”-гаар жендэрийн хэвшмэл үзэл, улс төр дэх эмэгтэйчүүдийг дэмжих байдал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл, нөлөөлөгч хүчин зүйлсийн талаарх үзэл бодол, квот (түр тусгай арга хэмжээ) тогтоох аргын талаарх олон нийтийн мэдлэг, хандлага, улс төрийн манлайлагчаас хүлээх хүлээлтийг хандлага, төсөөллийг тодорхойлсон бөгөөд судалгааны үр дүнг 2021 оны судалгааны үр дүнтэй харьцуулан шинжлэхэд дараах өөрчлөлтүүд гарч байна.
Үүнд:
Нийгэм-улс төрийн үйл ажиллагаанд эмэгтэй хүний оролцоог нэмэгдүүлэх талаарх төсөөлөл нэмэгдэж байна. Хэдийгээр гурван жилийн хугацаанд эрс өөрчлөлтийг хүлээх боломжгүй ч өрх дэх эрх мэдлийн хуваарь, нийгэм-улс төрийн үйл ажиллагаа дахь эрэгтэй, эмэгтэй хүний оролцооны талаарх төсөөлөл бага зэрэг өөрчлөгджээ. Тодруулбал, “Орон нутаг, ИНБ, холбоо, улс төрийн намын гишүүнчлэлийн хурал зөвлөгөөнд оролцох” ажилд эмэгтэй хүн оролцох нь зүйтэй гэсэн хариулт 2021 онд 14.4% байсан нь 2024 онд 18.2% (3.8%-иар илүү) болж нэмэгдсэн дүн гарав. Харин өрх гэр бүлд эрэгтэйг илүү эрх мэдэлтэй гэж үзэх хариулт тулгамдсан асуудлыг шийдэх, хөрөнгө нөөцийг захиран зарцуулах шийдвэрийг гаргахад, харин гэр бүлийн гишүүдийн зан үйлийг хянах үйлд эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь эрх мэдэлтэй гэж үзсэн хариулт тус бүр 4.6%-иар өссөн бөгөөд зан үйлийг хянах эрх мэдлийн хувьд эрэгтэйд гэхээсээ эмэгтэйд оноох нь илүү илэрлээ.
Улс төрийн оролцооны талаарх хэвшмэл үзэл буурч байна. Эрэгтэй, эмэгтэй хүний улс төрийн оролцооны талаарх хэвшмэл үзэл судалгаанд оролцогчдын гуравны нэгд нь илэрлээ. Улс төрийн оролцоог эрэгтэй хүнд хамааруулах хандлагыг 2021 оны дүнтэй харьцуулахад эрэгтэй оролцогчдын хувьд 6.7%, эмэгтэй оролцогчдын хувьд 6.9%-иар бага түвшинд илэрсэн нь улс төрийн оролцоон дахь жендэрийн хэвшмэл үзэл буурах төлөвтэйг илтгэж байна. 2021 болон 2024 оны судалгааны дүнд хүйсийн ялгаа ажиглагдсангүй.
Удирдах ажил, манлайлагчийн талаарх жендэрийн хэвшмэл үзэл хандлага буурч байна. Удирдах ажил, манлайллыг жендэрийн хэвшмэл үзлээр тодорхойлох хандлага харьцангуй бага илэрч байгаа ч эмэгтэй хүн удирдах ажил эрхэлж чадна гэдэгт үл итгэх хандлага 2021 онд 16.7% байснаа 2024 онд 14.2%, манлайлагч гэдэгт итгэхгүй байх хандлага 2021 онд 18.3% байснаа 2024 онд 10.4% болж тус тус буурсан байна.
Эмэгтэйчүүдийг төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох түвшинд ажиллаж чадна гэсэн итгэл өссөн. Эмэгтэйчүүдийг төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох түвшинд ажиллаж чадна гэдэгт 2021 онд судлагдсан эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дийлэнх олонх буюу 80 гаруй хувь нь итгэлтэй байсан бол 2024 онд энэхүү итгэлийн хэмжээ эрэгтэйчүүд (2021 онд 80.9% байсан бол 2024 онд 87.4%) болон эмэгтэйчүүдийн (2021 онд 87.9% байсан бол 2024 онд 91.7%) хариулт 5.2 хувиар өссөн байна.
Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог дэмжих хандлага өссөн. 2021 онд эмэгтэйчүүдийн эмэгтэй хүнийг дэмжих хандлага 18.5 хувь, 2024 онд 30.9 хувь болж 12 хувиар өссөн. Улс төр дэх эмэгтэйчүүдийн хувийн жин нэмэгдэхгүй байгааг “эмэгтэйчүүд нэгнээ дэмждэггүй” гэсэн яриаг энэ баримт үгүйсгэж байна.
Шийдвэр гаргах түвшинд эрэгтэй хүн эрэгтэйгээ дэмжих хандлага 20 гаруй хувиар буурсан. 2021 оны судалгаанд оролцсон эрэгтэйчүүд эрэгтэй хүнийг шийдвэр гаргах түвшинд дэмжих хандлага 58.9 хувь байсан бол 2024 онд 37.6 хувь болж эрэгтэй хүн эрэгтэйгээ дэмжих хандлага 20 гаруй хувиар буурсан байна.
Иргэд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг хангалтгүй гэж үзэж байна. Улс төр, УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг 2024 оны судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 56.3 хувь нь хангалтгүй гэж үзсэн байхад эрэгтэйчүүдийн 57.3 хувь нь боломжийн, хангалттай гэж үзсэн. Энэ нь төлөөллийн бодит байдлыг дүгнэх үнэлгээ хүйсээс хамаарч (Χ2 = 22.329, p < .000) байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг эрэгтэй, эмэгтэй оролцогчдын аль алиных нь хувьд хангалтгүй гэж үзсэн хариулт тус бүр 8 хувиар өссөн. Энэ нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийн талаарх хэвшмэл үзэл буурч байна гэж үндэслэл байна.
Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд квот тогтоох арга хэрэглэдгийг мэдэх байдал өсөж байна. 2021 онд судалгаанд оролцогчдын 34 хувь нь улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд квот тогтоох арга хэрэглэдгийг мэдэж байсан бол 2024 онд 37.2 хувь болж 3.2 хувиар өсжээ. 2021, 2024 оны судалгааны дүнгээр, эрэгтэйчүүд квотын тогтоох аргыг илүү мэдэж байна. Мөн нэр дэвшигчийн хүйсийн квот тогтоох арга хэрэглэдгийг мэдэх хувь 2021 онтой харьцуулахад 2024 онд 3.8 хувиар өссөн байна. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүйсийн квот тогтоох аргыг мэдэхгүй байгаа оролцогчдод 18-24 насныхан, хөдөөгийн болон баруун аймгийн угсаатны бүлгийн хүн ам зонхилж байна.
Квотыг мэддэг иргэдийн дэмжлэг нэмэгдэж байна. 2021 онд квот тогтоох аргыг мэддэг иргэдийн 74.9 хувь нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд хүйсийн квот тогтоохыг дэмжиж байсан бол 2024 онд 80.7 хувьд хүрч өсжээ. Энэ тоог хүйсээр шинжилбэл, 2021 онд квот тогтоох аргыг мэддэг эмэгтэйчүүдийн 79.3 хувь, эрэгтэйчүүдийн 70.7 хувь нь квотыг дэмждэг байсан бол 2024 онд эмэгтэйчүүдийн 87 хувь, эрэгтэйчүүдийн 74 хувь болж нэмэгдсэн үр дүнтэй гарчээ.
Иргэд квотыг нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж буй хандлага нэмэгдэж байна. 2021 онд квотыг дэмждэг оролцогчдын санал болгосон квотын хэмжээг дундажлан тооцоход 36.67 хувийг санал болгож байсан бол 2024 онд 42.27 хувьд хүрч нэмэгдсэн байна. Квотын дундаж хувийг хүйсээр шинжилбэл, 2021 онд эмэгтэйчүүд дунджаар 39.14 хувь, эрэгтэйчүүд 34.09 хувиар квот тогтоохыг санал болгосон бол 2024 онд эмэгтэйчүүд 43.78, эрэгтэйчүүд 40.34 хувьд хүргэхээр зорьжээ. 2021, 2024 оны судалгааны үр дүнг харьцуулахад олон нийтийн дунд квот тогтоохыг дэмжих хандлага өсөж, 40:60 гэсэн харьцааг санал болгосон үр дүн ажиглагдаж байна.
Улс төрч хүнд байх ёстой чанаруудад хүйсийн ялгаа байхгүй байна. 2021 оны судалгаагаар эрэгтэй, эмэгтэй оролцогчид 83.1-83.7 хувь шийдэмгий, 66.2-67.3 хувь зоригтой, 58.8-60 хувь бусдыг ойлгодог чанарыг, 2024 онд 77.5-80.5 хувь шийдэмгий, 58.4-60.4 хувь тэмцэгч, 57.8-60.1 хувь бусдыг ойлгодог чанаруудыг улс төрч хүнд илүү байх ёстой чанаруудаар нэрлэсэнд хүйсийн ялгаа ажиглагдсангүй. Харин 2024 оны судалгаанд эрэгтэй улс төрчөөс шийдэмгий, зоригтой байхаас гадна бусдыг ойлгодог чанарыг хүлээж буйгаа илэрхийлсэн. Эмэгтэй улс төрчөөс мөн шийдэмгий, бусдыг ойлгодог, тэмцэгч чанарыг хүлээж байна. 2021, 2024 оны судалгааны үр дүнд тулгуурлан дүгнэхэд, олон нийт жендэрийн хэвшмэл үзлийн үүднээс эрэгтэй улс төрчдөд хамаатуулдаг шийдэмгий, тэмцэгч, зоригтой байх чанаруудыг хүлээхийн зэрэгцээ бусдыг ойлгодог байх чанарыг эмэгтэй улс төрчөөс хүсэн хүлээж байна. 2024 оны судалгаагаар эрэгтэй, эмэгтэй улс төрчөөс аль алинаас нь “бусдыг ойлгох чанар”-ыг хамгийн чухал гурван чанарт багтааж байгаа нь нэгд, улс төрчийн хэвшмэл дүр өөрчлөгдөж байгааг, хоёрт, нийгмийн бүлгүүдийн олон талт байдлыг ойлгох чадамжтай улс төрч хэрэгцээтэй болж буйг харуулж байна.
Олон нийтийн зүгээс эмэгтэй улс төрчдөд илүү өндөр шаардлага тавьж байна. 2021 оны чанарын судалгаагаар зоригтой, шулуун шударга, үгээ хэлдэг, ширүүн дүр төрхтэй эрэгтэй, эмэгтэйчүүдийг манлайлагч дүгнэж байсан бол 2024 онд эмэгтэй улс төрчөөс өндөр боловсрол, бусдыг ойлгодог, нийгмийн олон талт асуудлыг шийдэхийн төлөө зүтгэдэг, хүний төлөө, хүмүүнлэг зэрэг чанаруудыг хүлээж байна. Эндээс дүгнэхэд эмэгтэй улс төрчөөс эрэгтэй хүнд илүү хамаатуулдаг төдийгүй эмэгтэй хүнд хамаарах чанаруудыг давхар хүлээж байгаа нь олон нийтийн зүгээс илүү өндөр шаардлага тавьдаг болохыг илтгэж байгаа юм.
Олон нийтийн дунд эмэгтэй улс төрчөөс “шударга ёс тогтоох, өөрчлөлт авчрах байх” гэсэн хүлээлт байна. Чанарын судалгааны дүнгээр эмэгтэй улс төрчдөөс нийгэмд шударга ёс тогтоох, авлигыг бууруулах үйл хэрэгт манлайлал үзүүлэн, итгэл хүлээлгэх хандлага илэрлээ. Жишээ нь, эрэгтэйчүүд л засаг удирдаж ирсэн тул эмэгтэйчүүдэд өгөөд үзье, авлига, том хэргээс хол байдаг тул өөрчлөлт авчирч магад хэмээн эмэгтэй улс төрчдөд итгэл үзүүлж буйгаа илэрхийлсэн. Мөн зарим эрэгтэй улс төрчид шийдвэртээ эзэн болж хатуу зогсох, бусдын ятгалаг, хов жив, уруу таталтад автахгүй байх, албан ажилд хувийн харилцаагаа хутгахгүй байх, эмэгтэйчүүд нэгнийхээ манлайллыг хүлээн зөвшөөрч нэгдэж, хүрээлэх хэрэгтэй гэсэн. Тухайлбал, УИХ-д эмэгтэй гишүүд олноороо сонгогдвол улс оронд нүүрлэсэн авлига, хээл хахууль буурна, бусдын халаасанд орохгүй, ашиг сонирхолд хөтлөгдөж хуйвалдаанд оролцохгүй, нийгмийг өөрчлөхөд хувь нэмэр оруулна гэсэн хүлээлт иргэдийн дунд байна.