Монгол Улсын Засгийн газар “5Ш” хөтөлбөрийн “Шил” ажиллагааны хүрээнд цахимжилтыг эрчимжүүлж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан иргэдэд нээлттэй байлгах төрийн байгууллагын 68 төрлийн мэдээллийг “shilen.gov.mn” сайтаар дамжуулан олгож байна.
Тус сайтад яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 123 мэдээлэл хариуцагч байгууллагатай холбогдож, цахим шуудангаар 604 багц мэдээллийг хүлээн авч, нээлттэй мэдээллийн нэгдсэн системд байршуулжээ. Ингэснээр төрд хэн, хэзээ, хаана, юу хийж байгааг иргэд нь харж технологийн шийдлээр хянах боломжийг олгохоос гадна тусгай сангуудын эргэн төлөлт эрс нэмэгдэж, авлига, албан тушаалын хэргүүд олон нийтэд ил болж байгаа зэрэг нийгэм дэх эерэг өөрчлөлтүүд гарсаар байна.
2023 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын тусгай сангуудаас авсан мэдээллээр эргэн төлөлтийн нийт дүн 91.6 тэрбум төгрөг байна. Үүнд:
- Боловсролын зээлийн сан 3.9 тэрбум төгрөг
- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 290 сая төгрөг
- Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 55.9 тэрбум төгрөг
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 20.1 тэрбум төгрөг
- Шинжлэх ухаан, технологийн сан 26.7 сая төгрөг
- Хөдөө аж, ахуйн корпорац 11.2 тэрбум төгрөг тус тус байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нээлттэй мэдээллийн нэгдсэн систем буюу (shilen.gov.mn)-д 62 байгууллагын мэдээллийг үнэлэн баталгаажуулснаар төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн ил тод байдлын дундаж үнэлгээ өнгөрсөн оны байдлаар 66.1% байсан бол одоогийн байдлаар 98.8% болж нэмэгдсэн байна.