УИХ: Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2024.11.14/ хуралдаанаар дараах хуулийн төслийг хэлэлцэнэ.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

  •    “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Өчигдөр Улсын  Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Цөмийн энергийн тухай хууль нь Монгол Улсын эдийн засаг, валютын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход маш чухал хууль тул зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж төслийн 1/4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Гадаад улсын цацраг идэвхт хаягдал ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно” чухал заалт оруулсан байсан. Уг заалттай холбоотойгоор маргаан байгаа эсэхийг тодруулахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Техник, технологийн хэлтсийн дарга Г.Намчинсүрэн, Үндсэн хуулийг дагаж гарах холбогдох хууль тогтоомжид гишүүний танилцуулсан заалтыг Цөмийн энергийн тухай хуульд тусгахыг даалгасан байсныг дурдаад дээрх заалттай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй гэдгийг тодотгосон юм.