Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны төсөвт хориг тавихаар болжээ. Тиймээс энэ талаар өнөөдөр 11 цагаас /2024.11.20/ мэдээлэл хийх юм. Харин энэ удаагийн төсөвт хэсэгчлэн хориг тавих уу эсвэл бүхэлд нь хориг тавих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Намрын чуулганаар 2025 оны төсвөө хуулийн хугацаанд батлуулж чадсан. Тодруулбал, 126 гишүүнтэй парламент анхны намрын чуулганаараа хэл амтай, хэрүүл тэмцэлтэй ч Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулиудыг энэ сарын 8-нд баталсан. Ингээд эцсийн найруулгыг УИХ дээр уншиж, өнгөрсөн Даваа гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газарт төсвөө хүргүүлсэн. Төсөв хүргүүлснээс хойш ажлын таван өдөрт багтаан Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй бөгөөд өнөөдөр хориг тавьж буй талаараа мэдээлэл хийх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд парламент ажлын 14 хоногийн дотор хоригийг хэлэлцэнэ. Ингэхдээ УИХ олонхоороо буюу гуравны хоёр /66,6 хувь/ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзвэл төсөв хэрэгжинэ. Харин хүлээж авах нь зүйтэй гэж үзвэл 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах юм.