Шадар сайд Т.Доржханд Саудын Арабын хаант улсын томоохон бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Саудын Арабын Хаант Улсад хийж буй ажлын айлчлалын үеэр Шадар сайд бөгөөд Эрчим хүчний Үндэсний хорооны дарга Т.Доржханд тус улсын “Acwa Power” компанийн захирал Mohammad Abunayyan-тай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

“Acwa Power” нь дэлхийд ногоон эрчим хүчний хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг юм. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх эрчим хүчний төслүүдэд “Acwa Power”компани хамтарч ажиллахаа илэрхийлж, ойрын хугацаанд яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцлоо.

“Acwa Power” компани нь улс орнуудад ногоон эрчим хүчний чиглэлээр санхүүжилт олгодог бөгөөд Бүгд Найрамдах Узбекистан улсад гэхэд 16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж ногоон эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад экспортод гаргах боломж олгожээ.

Хамтарсан Засгийн газрын Эрчим хүчний реформ гаднын том хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орсноор богино хугацаанд дотоодын эрчим хүчээ бүрэн хангах, дунд урт хугацаандаа экспорт хийх боломжтой болно.

Түүнчлэн Шадар сайд Т.Доржханд тус улсын томоохон бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр Хамтарсан Засгийн газрын эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Тус улсын бизнес эрхлэгчид эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтарч ажиллах сонирхлоо түлхүү илэрхийлэв. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч, халал мах, буудай болон ашигт малтмалын чиглэлд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлэв. Хоёр улсын Худалдаа хөрөнгө оруулалтын байгууллага болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимаар дамжуулж бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулахаар харилцан тохирч хамтарч ажиллахаар болов.