Х.Нямбаатарын хөрөнгийг битүүмжлэх захирамжийг хүчингүй болгожээ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн захирамжийг өнөөдөр /2025.03.13/ нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Тэрбээр  хэвлэлд ярилцлага өгөхдөө “Надтай холбоотой шүүхийн ямар ч тогтоол гараагүй. Эко автомашин импортлогчдын холбооныхон шүүхэд “Хотын дарга бидний нэр төрд халдсан” гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна лээ. Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан байна лээ. Захирамжтай холбогдуулан шүүхийн урьдаас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор миний эд хөрөнгөтэй холбоотой битүүмжлэл гаргах захирамж гаргасан. Надад нэг тэрбум төгрөг ч байхгүй. Хэвлэлээр мушгисан мэдээлэл цацагдаж байна. Би шүүгчийн гаргасан шийдвэрт гомдол гаргаж, маргааш 14.00 цагт хэлэлцэнэ. Би хэн нэг хүнээс уучлал гуйх шаардлагагүй.

Яагаад гэвэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байгааг та бүхэн сайн мэднэ. Жилдээ 130-140 мянган автомашин импортоор орж ирж байна. Хотын зам дээр 80 мянган машин зорчих боломжтой ч 10 дахин их машин зорчиж байна.

Машин импортлогчдын хувьд татвар төлдөггүй, Монголын чанар стандарт хангахгүй машин оруулж ирдэг, нүүрсэн яндангүй машин оруулдаг, хотын машины дугаар олгохыг зогсоосонтой холбоотой улсын дугаарын бизнес цэцэглүүлж байна” гэсэн юм.