АНУ-ААС РОМЫН ПАП ТОДОРЧЭЭ

Ромын Папыг тодруулах Ватиканы чуулган хоёр хоног хуралдсаны эцэст дөрөв дэх шатны санал хураалтаар Пап тодорчээ.
Ромын цагаар Пүрэв гарагийн 18 цаг 05 минутад Ватиканы Сикстин 69 настай Кардинал Роберт Фрэнсис Превост шинэ Папаар тодорсон байна. Кардинал Робертод шашны нэр олгодог Ватиканы тогтсон уламжлалын дагуу түүнд “14 дүгээр Лео” гэгч шашны нэр хүртээжээ. Лео гэдэг үг нь латин хэлний “Арслан” гэсэн үгнээс гаралтай энэ нэр нь Католик шашны уламжлалд хүч чадал, эр зориг, сүр хүч, манлайллыг бэлэгддэг байна.
13 дугаар Лео 1810-1903 оны хооронд амьдарч байсан ба 1878 оноос 1903 онуудад Ромын Папаар ажиллаж байжээ. Түүний хувьд 256 дахь Ромын пап байжээ. Харин шинэ Пап 14 дүгээр Лео-гийн тухайд 267 дахь Папаар тодороод байна.
Дэлхий дахинаас хуран цугласан 133 кардиналын 81 хувийн санал буюу 108 кардиналын дэмжлэгээр Роберт папаар тодорчээ.
Кардинал Робертын тухайд 1955 оны 9 сарын 14 ний өдөр АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотод мэндэлжээ. Тэрээр амьдралын ихэнх хугацаагаа Өмнөд Америкийн Перу улсад Католик шашны үйл хэргээ туйрваж өнгөрөөжээ.
Ингээд 14 дүгээр Лео нь Католикийн тэргүүнийг тодруулж байсан сүүлийн 2 мянга гаруй жилийн түүхэн дэх анхны Америк гаралтай пап болж байна.
Шинэ пап Ватиканы Гэгээн Петрийн талбай руу харсан Ватиканы ордоны индэрээс талбайд цугласан олон мянган сүсэгтнүүд рүү харж, дэлхийн өнцөг булан бүрт буй Католикуудад хандаж анхны илгээлтээ хүргэлээ.
“Амар амгалан та бүхэнтэй хамт байх болтугай!” гэх мэндчилгээгээр илгээлтээ эхлүүлсэн ба энэхүү амар амгалан нь “зэвсэггүй, хүлээцтэй, тэвчээр”-ийг харуулсан байх ёстойг онцлоод Бурхан ямар ч болзолгүйгээр хүн төрөлхтөнийг хайралдагыг сануулжээ.
Тэрээр өмнөх Пап Францискт хүндэтгэл үзүүлж, түүний агуу үйлсийг дурсаж, энх тайван, энэрэн нигүүлсэхүйн үйл хэргийг үргэлжлүүлэхээ мэдэгджээ.