АНУ, ХЯТАДТАЙ ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨЛДӨХ МЕХАНИЗМ БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦОВ

Хятад Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний хэлэлцээ 5 дугаар сарын 10-11 ний өдрүүдэд Швейцарийн Женев хотноо болж, өндөрлөлөө. Зөвхөн хоёр талын бизнес эрхлэгчид төдийгүй дэлхий нийт энэ хэлэлцээнд анхаарал хандуулж байв.
Хэлэлцээний Хятадын талыг тус улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн ахалсан бол АНУ-ын талыг тус улсын Сангийн сайд Скотт Бессэнт ахалж оролцлоо.
АНУ-ын тал хэлэлцээ удаан үргэлжилж хоёр тал худалдааны хэлэлцээнээс томоохон ахиц гарсан талаар мэдээллээ.
Харин Хятадын хэлэлцээг ахлагч, ерөнхий сайдын орлогчийн өгсөн мэдээллээр хэлэлцээ илэн далангүй, дэлгэрэнгүй, бүтээлч болсон бөгөөд хоёр тал чухал нийтлэг ойлголтод хүрч чадсан. Иймд эндээс үнэхээр бодит ахиц дэвшил гарлаа гэж дүгнэсэн байна.
Ингээд талууд уулзалтаас Хятад-Америкийн эдийн засаг, худалдааны зөвлөлдөх механизм байгуулахад санал нэгдсэн байна. Энэ нь худалдааны маргааныг гарах бүрд нь цаг алдалгүй шийдвэрлэхэд чиглэсэн, худалдаа, эдийн засгийн тасралтгүй, тогтвортой яриа хэлэлцээг дэмжихэд чиглэсэн зөвлөлдөх чухал платформ юм. Тус шийдэл нь уулзалтын хамгийн гол үр дүн байлаа.
Хоёр талын хэлэлцээ амжилттай эхэлж байгаа нь зах зээлд ч гэсэн эерэг дохио өгч эхэлсэн байна. Тухайлбал хэлэлцээний дараагаар АНУ-ын хөрөнгийн биржийн фьючерс ханш мэдэгдэхүйц өсч, Dow Jones индекс 530 гаруй нэгжээр буюу өмнөх өдрийн арилжаанаас 1.3 хувиар өссөн бол S&P 500 индексийн фьючерс ханш 1.4 хувиар, Nasdaq-ийн фьючерс 1.6 хувиар тус тус өссөн байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/china/us-china-talks-defuse-trade-row-resume-geneva-2025-05-11/