Бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт: Залуу малчны хөдөлмөр Бид Улаанбаатар хотоос урагшаа 100 км хүрэхгүй зайтай яваад залуу малчин Б.Төмөрчөдөрийнд очлоо. Өнгөрсөн жилүүдэд уйгагүй хөдөлмөрлөж, 2023 оны улсын мал тооллогоор 684 тоо толгой мал тоолуулсан малчин залуу ердөө хоёр сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2024 оны эхээр болсон зуднаар 260 гаруй тоо толгой малаа алдаж, дараа нь хүндхэн хаврын улиралд дахин 50 гаруй малаа үхүүлжээ. Тэрээр өнгөрсөн жилийн хавар ердөө 70 хүрэхгүй төл бойжуулсан нь сүүлийн таван жилийн хөдөлмөр нь өвлийн цасанд дарагдаж, хаврын хавсарганд хийсэнтэй адил болжээ. Амьдрал унаж, босож л байдаг хойно гэж хэлсэн түүний үгнээс урьд өвлийн гарз хохиролдоо битүүхэндээ харамсаж байгаа ч цаашдаа малаа малласаар амьдрах чин хүсэлтэй байгаа нь түүний нөхөрсөг, хөрслөг хүрэн царайнаас харагдаж байв. Мал маллахад маш хүнд хэцүү болж байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гэж их ярих боллоо энэ байдал малчин бидэнд үнэхээр мэдрэгдэж байна. Яагаад гэхээр бэлчээрийн гарц муудаж үүнээс болж намрын цагаар хадлан тэжээлээ хангалттай авч чадахгүй болсон. Үнэндээ хадлан авах хангалттай өвс, ургамалгүй болчхоод байна шүү дээ. Намайг хүүхэд байхад манайхан энэ зүүнтэй харагдаж байгаа хөндийн дунд орших Цайдмын нуураас наагуур эсвэл энэ Багахангайн баруун урдаас хэдхэн хоногт бүхэл өвлийн турш хэрэглэх хадлангаа авчихдаг байсан. Бид хадлан авах гэж хаа хол явдаггүй байлаа. Хаяанаасаа л хадлангаа бэлтгэчихдэг байсан. Одоо тэр цаг түүх болжээ. Өвөл хэрэглэх хадлангаа худалдаж авахын тулд хамгийн багадаа 3 бог малаа зарж байж өвс тэжээл авч байна. Энэ мөнгөө хүүхдийнхээ сургууль соёлд зарцуулсан бол ямар аштай байхав дээ. Тэгэхээр энэ байдал малчин бидний санхүүд хүртэл маш хүнд нөлөөлж байна. Бэлчээрийн гарц муу дээр нэмэгдээд Дундговь болон Баруун аймгуудаас нүүдэллэж ирэх малчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Нэмээд үлийн цагаан оготно гэж аюултай зүйл байна. Тэгэхээр олон жил нутаглаж, дасаж идээшсэн нутаг орноо орхиод бэлчээр сайтай гээд Дорнод руу нүүе гэхээр үр хүүхдийн хичээл сургууль, адуу мал нутаглаж дассан газар руугаа гүйх гээд асуудал их гарна. Тэгэхээр малынхаа талыг орхиод ямар нүүлтэй биш. Тоочоод байвал асуудал их байна аа хэмээн Б.Төмөрчөдөр ярилаа. Өнөөдөр малчин өрх хүүхдийнхээ боловсролд зарцуулах мөнгөөрөө малын өвс тэжээл авч байгаа нь уур амьсгалын өөрчлөлт зөвхөн байгальд бус малчдын амьдралд яаж хүндээр нөлөөлж байгааг харуулж байна. Шинжлэх ухаан юу хэлж байна вэ? Ус, Цаг Уур, Орчны мэдээлэл, Судалгааны хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөх З.Батжаргалын ТВ9 телевизэд өгсөн ярилцлагад, судлаачдын боловсруулсан загварчлалын аргаар гаргасан дүгнэлтүүдэд Монгол улсад хавар, зуны эхэн саруудад хур тунадас буурч, харин намар, өвөл нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйд сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна гэж хэлжээ. Шонхор шувуугаар мэрэгчдийн эсрэг тэмцэх оновчтой арга: Ногоон шийдэл Бэлчээрийн гарц муудахад малчдын шилжилт хөдөлгөөнөөс гадна үлийн цагаан огтоно, царцаа зэрэг мэрэгч, байгалийн хортон шавьж маш их хор хөнөөл учруулдаг байна. Үүнтэй тэмцэхийн тулд жил бүр улсын төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Гэвч хор цацах арга үр дүн багатай, заримдаа эдийн засгийн алдагдалтай байдалд хүргэдэг гэж судлаачид үзэж байна. Яагаад гэвэл үлийн цагаан оготно тодорхой давтамжтай хуулиар өсөж буурдаг тиймээс тоо толгойн өсөлт буурч байгаа үед хор цацах нь эдийн засгийн алдагдалтай харин өсөлтийн өмнөх үед цацах ёстой гэж үздэг. Гэхдээ үүнээс илүү хамгийн сайн арга нь үлийн цагаан оготноор хооллодог идлэг шонхор шувууны амьдрах орчныг сайжруулж явдал юм. Үлийн цагаан оготнын тоо толгойг зохистой хэмжээнд барих биологийн хамгийн оновчтой арга нь хээрийн махчин шувуудын үржлийг дэмжих гэдэг нь олон улсын болон Монгол оронд хийсэн судалгааны тайлангаас тодорхой харагджээ. Тиймээс төрөөс бодлогоор мэрэгч амьтдын тархалтыг зохистой түвшинд барих зорилготой санаачилгуудыг гаргаж эхэлжээ. Гэвч энэ бодлогыг хэрэгжүүлэхэд төсөв, санхүү, хүн хүчний дутагдалтай байдлаас шалтгаалж төр дангаараа үр дүнд хүргэж ажиллахад хүндрэлтэй байдаг байна. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим компаниуд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санаачилгын хүрээнд ийм төрлийн төслүүдийг санхүүжүүлэх байдал нэмэгджээ.
Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлыг хамгаалах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар Нийслэлийн Байгаль орчны газраас махчин шувуудын амьдрах орчныг сайжруулах замаар тоо толгойг нь нэмэгдүүлж, улмаар тэдний идэш тэжээл болох бэлчээрийг доройтуулагч мэрэгчдийн тоо толгойг зохистой хэмжээнд барих зорилготой Багахангай дүүргийн нутагт дэвсгэрт махчин шувууны үүр барих төслийг 2022 онд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийг Юнител групп санхүүжүүлж, 30 ширхэг хиймэл үүр барьсан. Ингэснээр шонхор шувууны ангаахай өсөж, бойжих илүү таатай орчин бүрдэж, шонхорын тоо толгой нэмэгдэхэд нөлөөлж, улмаар мэрэгчдийн тоог зохистой хэмжээнд барихад чухал үр дүнтэй ажил болсон. Монголын Шувуу судлалын нийгэмлэгээс Багахангай дүүргийн нутагт дэвсгэрт байршуулагдсан хиймэл үүрүүдэд чанарын судалгааг хийжээ. Судалгаагаар 25 үүрэнд 189 бодгаль бүртгэгдэж, үлийн цагаан оготнын нягтаршил 2 жилийн дараа 30-50 хувь болж буурчээ. Иймд Монголчууд бид үндэсний бахархал шувуу гэгддэг идлэг шонхор шувуугаа хайрлаж, хамгаалж биологийн тэнцвэрт байдлыг нь хангаж байх нь малчдын өмнө тулгамдаад буй бэлчээрийн доройтол, цөлжилттэй тэмцэх хамгийн үр дүнтэй, оновчтой арга юм. Энэхүү төсөл нь махчин шувууг хамгаалж, тэдний идэш болох мэрэгч амьтдын тоо толгойг байгалийн аргаар зохистой түвшинд барих үр дүнтэй жишээ болж чаджээ. Дүгнэлт Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол малчин Б.Төмөрчөдөр шиг олон зуун малчны амьдралд томоохон бэрхшээл учруулж байна. Бэлчээрийн тэнцвэрт байдлаас шалтгаалж малчдын орлого буурах үүнээс үүдэж малчин өрхийн хүүхдийн боловсролд оруулах хөрөнгө оруулалт багасахад хүргэж байна. Энэхүү гинжин хэлхээ нь Монгол улсын өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлж байгаагүй нэг энгийн жишээ юм. Иймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, биологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгальд ээлтэй төслүүдийг хэрэгжүүлснээр тогтвортой байдлыг хангах хамгийн оновчтой, үр дүнтэй шийдэл болж байна. Хүмүүс бид уур амьсгалын өөрчлөлт биднээс шалтгаалахгүй гэж хойш сууж болохгүй ээ. Харин бид өөрсдөөс шалтгаалж болох бүхий л арга замыг эрж, хайж, олж, хамтарч нэгдэж, зөв шийдлийг хэрэгжүүлж чадвал аливаа бэрхшээлд заавал гарц байдгын нэг бодит жишээ бол Шувууны үүр төсөл болжээ.
Юнител группийн БОНЗ-ийн тайлантай энэ холбоосоор танилцаарай
https://unitelgroup.mn/sustainability/report_2024/unitelgroup.mn