Монгол улс бол цөлжилт, газрын доройтолд хүчтэй өртөж буй орнуудын нэг билээ. Иймд цөлжилт хурдацтай явагдаж буй Говийн бүсэд Монголын говийн биологийн олон янз байдал чуулган болж байна.
Тухайлбал 2020 оны судалгаагаар манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120 сая.га талбай цөлжилт, газрын доройтолд өртжээ.
Тиймээс энэхүү чуулганыг Биологийн олон янз байдлын олон улсын өдрийг тохиолдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр, Монголын ан агнуурын холбоо хамтран зохион байгуулж байна.
Тус чуулган энэ сарын 29, 30 ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж байна.
Арга хэмжээ зөвхөн Өмнөговь аймгаар хязгаарлагдсангүй Дундговь, Дорноговь, Говьсүмбэр гэсэн Говийн бүсийн аймгуудын ЗДТГ, байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Тусгай хамгаалалттай газар нутгийн дарга, мэргэжилтнүүд, аж ахуйн нэг байгууллага, ТББ-ын төлөөллүүд оролцож байгаагаараа онцлог болж байна.
Монгол Улс 1993 онд НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцод нэгдэн орж, Монгол Улс биологийн олон янз байдлыг хамгаалах бодлогоо тодорхойлж, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, НҮБ болон дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлсээр ирсэн.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2001 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын 22 – ны өдрийг “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ нь зөвхөн нэг өдрийн үйл ажиллагаа бус, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийн суурь болох биологийн олон янз байдлыг ойлгож, үнэлж, хамгаалах дэлхийн хэмжээний уриалга юм.
Биологийн олон янз байдал гэдэг нь товчоор дэлхий дээрх амьд бие организмын олон янз байдлын тухай юм. Тухайлбал, хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох амьтан, ургамал зэрэг амьд биет болон тэдгээрийн генетикийн олон янз байдлыг багтаасан цогц ойлголт юм.