Шүлхий өвчинтэй тэмцэхэд энэ онд 20 тэрбум төгрөг зарцуулжээ

Энэ онд мал эмнэлгийн ерөнхий газар  51.6 тэрбум төгрөгийн төсөв батлуулж, 20 тэрбум төгрөгийг шүлхий өвчинд зарцуулсан байна.

Үүний 7-10 тэрбумыг шүлхий өвчний вакциныг импортод, 5-7 тэрбум төгрөгийг үйлчилгээний хөлсөнд зарцуулдаг байна.

Өнгөрсөн сард Баян-Өлгий, Ховд аймагт шинэ төрлийн  САТ-1 хэвшлийн шүлхий өвчин дэгдсэн. Африк тивд бүртгэгддэг уг өвчин манай улсад бүртгэгдсэн ч  голомтыг 100 хувь дархлаажуулж, бүрэн хяналтдаа авсан байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл: “Манай лабораториуд олон улсын түвшинд ажиллаж байна. Зургаан сард гарсан шүлхий өвчний дэгдэлтийг орон нутгийн лаборатори богино хугацаанд баталгаажуулсан учир голомтыг хумьж, бүрэн, шуурхай дархлаажуулсан” гэв.

2018 оноос хойш малын дархлаажуулалтын төлбөрийг нийгэм, эдийн засагт учруулах хохирлоос нь хамаарч улс, орон нутаг, малчид хариуцдаг болсон. Хохирол ихтэй шүлхий, зооно, галзуу зэрэг гоц халдварт өвчний дархлаажуулалтыг улсын төсвөөс, хохирол багатай халдварт өвчний дархлаажуулалтыг орон нутгийн сангаас, сохор, догол зэрэг өвчний дархлаажуулалтыг малчид өөрсдөө хариуцдаг болжээ.