Х.Баавгай: Хувь хүний нууцын зэрэглэлтэй материалыг тухайн гэр бүлтэй гэрээ байгуулж авдаг

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс иргэн Б.Норовсүрэнгийн ярианд нэр дурьдагдсан Гүүд нэйборс олон улсын байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Х.Баавгайгаас дараах тодруулгыг авлаа.

-Гүүд нэйбэрс олон улсын байгууллага 2005 онд Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээснээс хойш өнөөдрийг хүртэл нийт хичнээн хүүхэд бүртгэж аваад байна вэ?

-Байгуулагдсан цагаасаа хойш 15 жил болж байна. Гүүд нэйбэрс ОУБ Дэлхийн 34 улсад төлөөлөгчийн газартай. Зорилго нь амьжиргааны түвшин доогуур, бага орлоготой зорилтот бүлгийн өрхөд эрүүл мэнд, боловсрол, хүмүүнлэгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх.

Манай хүмүүс гэр оронд нь очиж үзээд энэ айл амьжиргааны түвшин доогуур өрх мөн үү гэсэн судалгаа хийдэг. Мөн тухайн айл бусад ОУ-ын хөтөлбөрт хамрагдаагүй байх ёстой.

-Тус айл бусад ОУ-ын байгууллагын төсөл хөтөлбөрт хамрагдаагүй эсэхийг нь яаж мэдэх үү?

-Бид нар хоорондоо холбоотой мэдээллээ солилцдог.

-Тэгэхээр хүүхдээс гадна амьжиргааны түвшин доогуур өрхийн гэр бүлийнхнийг ч мөн бүртгэж тусламж дэмлэг үзүүлдэг юм уу?

-Тухайн өрхийн амьжиргааг дэмжихэд дэмжлэг үзүүлдэг. 8000 гаруй хүүхдийн 6200 орчим гэр бүл хамрагддаг.

-1х1 хөтөлбөр хэрэгжүүлдэг гэсэн үүний талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Нэг хүүхэд нэг спонсортой. Гэхдээ сүүлийн  үед нэг хүүхдэд нэг спонсор гэсэн нь өөрчлөгдөж байгаа юм билээ. Тодруулбал спонсоруудын тоо багасаж байгаа болохоор нэг спонсор нэг гэр бүлийг юм уу, нэг гэр бүлийн хоёроос гурван хүүхдэд дэмжлэг үзүүлдэг болох юм шиг байна.

-Нэг хүүхдэд 35 доллараас доош мөнгө өгдөггүй. Түүний маш бага хэмжээний мөнгийг тухайн хүүхдэд зарцуулдаг гэх мэдээлэл байна л дээ?

-Жил бүр хүүхдийнхээ тоог гаргаж байгаад нэг хүүхдэд сар бүр хэдэн төгрөг олгох уу гэж төсвөө гаргадаг. Энэ төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ төсвөөс Монгол Улсын Гүүд нэйборс төлөөлөгчийн газар ажиллаж байгаа 100 гаруй хүний ажлын хөлс, урсгал зардал, үйлчилгээний зардлууд багтахаас гадна тухайн хүүхэд, гэр бүлийг эмнэлэгт үзүүлэх, витамин, сургалтууд хамруулах зардал ч бас багтдаг.

-Нэг хүүхдэд спорсороос нь олгогдож байгаа мөнгөнөөс нь цалин хөлс, урсгал зардлуудаа гаргаад үлдсэн хувь нь хүүхдэд витамин, хичээлийн хэрэглэл болж очдог гэсэн үг үү?

-Тийм. Цаад спонсор нь 10, 20 хувийг нь манай хүүхдэд өг. Бусдыг нь үйл ажиллагааны зардалд зэрэгт зарцуул гэдэг л дээ. Хүүхэд бүрийн спонсор бас өөр өөр хандив тусламж өгдөг болохоор нэг хүүхдэд очих зүйл ч заримдаа өөр өөр байна.  

-Тухайн  хүүхдийн бүртгэлийг хэрхэн яаж хийдэг вэ. Толгой, цээжний тойрог, нүдний өнгө, биеийн жин, өндөр нам, цусны бүлэг мөн эцэг, эх, эмээ, өвөө гэр бүлийнхэн нь хуучин өвчин бий эсэх судалгаа авдаг гэсэн. Эдгээр нь хувь хүний нууцад хамаарах зүйл шүү дээ. Ямар зорилгоор 8000 гаруй хүүхдийн болон 6200 орчим гэр бүлийн гишүүдийнх нь ийм материалыг цуглуулдаг юм бэ?

-Тэр мэдээлэл нь зөвхөн манай энд хадгалагддаг. Өөр газар руу явуулдаггүй. Бид нар ажилчдадаа нууцын гэрээ хийж  авдаг. Гэтэл манайд нууцын гэрээ байгуулж ажиллаж байсан нэг хүн ажлаасаа гарсныхаа дараа манайд хадгалагддаг нууцын зэрэглэлтэй материалыг гаргаж тавьсан тохиолдол бий.

-Гэхдээ танайх МУ-ын 8000 гаруй хүүхэд 6200 гаруй гэр бүлийн гишүүдийн нууцын зэрэглэлд хамаарах материалыг шаардаж авах эрх бүхий байгууллага мөн үү?

-Тухайн гэр бүлтэй нууцыг нь хадгална гэсэн нууцын гэрээтэй явдаг. Засгийн газрын бодлогын хүрээнд халамж асрамжийн төвийн бүх байгууллага дотроо нууцлалтай байна гээд заагаад өгчихсөн байдаг.

-Танайхтай адил  үйл ажиллагаа явуулдаг ОУБ-ууд бүгд дээрх материалыг бүрдүүлж авдаг уу?

-Тийм.  

-Гэр бүлийнхэний өвчтөний түүх зэргийг ч бас авдаг гэсэн?

– Тухайн өрхийн амьжиргааг дэмжихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгаа хийгддэг.