“Монголд халдвар эрс өсч, Япон, БНСУ-ын дараа орох боллоо”

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордицатай ярилцлаа


Монгол Улс цар тахлын эхэн үед халдварыг хяналтадаа байлгаж, амжилттай ажилласан. Гэвч сүүлийн үед Covid-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч, нас баралт нэмэгдэж байна. ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас Covid-19 халдварын тохиолдлыг эрт илрүүлэх, тандах, лабораторийн шинжилгээ хийх, тусгаарлах, хавьтлын судалгаа хийх, хөл хорио цээрийг амжилттай цогц байдлаар эрт үед шуурхай зохион байгуулж ирсэн. ДЭМБ-аас  Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ болон бусад салбартай хамтран нөхцөл байдлыг тогтмол хянаж байна. Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд баталсан Covid-19 тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах 45 дугаар тогтоол хэрэгжсэнээр томоохон дэвшил гарсан. Эдийн засгийг сэргээх бодлого эрчимтэй хэрэгжиж, хүн амын хөдөлгөөн 50 хувиар өссөн байна. Урт хугацаанд үргэлжилж буй цар тахлын нөхцөл байдал нь хүн амын дунд залхах, тайвшрах нийгмийн хандлага бий болгосон. Өнгөрсөн хугацаанд 99 халдварын голомт бүртгэгдсэнээс 57 нь идэвхтэй тархаж байна. Өрхийн түвшинд халдварын тархалт хамгийн өндөр байгаа нь нэг гэрт олуулаа амьдарч, зарим өрхийн ус ариун цэвэр, зай талбайн нөхцөл тусгаарлах боломж бага байгаатай шууд холбоотой. Халдвар авсан хүмүүсийн 43.7 хувь нь гэр бүлийн орчинд, 4.7 хувь нь эрүүл мэндийн байгууллагад, 22.6 хувь нь ажлын байрандаа халдварт өртсөн байна.

-ДЭМБ Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, ЭМЯ-тай хэрхэн хамтарч ажиллаж, ямар зөвлөгөө зөвлөмж өгч байгаа вэ? Монголын талаас ДЭМБ-ын зөвлөгөө, тусламжийг үйл ажиллагаандаа хэр сайн тусгаж ажиллаж байна?

-Монгол Улсын Засгийн газартай бүхий л түвшинд хамтран ажиллаж байгаа. Монгол Улсын Шадар сайдын алба, ЭМЯ, Шуурхай штабтай ДЭМБ нь нэг жил дөрвөн сарын турш хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд бий болгосон гамшиг, нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдал, хариу арга хэмжээний тогтолцоо, салбар хоорондын хамтын ажиллагааны механизм нь цар тахлын үед бодит амьдрал дээр туршигдан улам боловсронгуй болж байна. Дэгдэлт гарсан үед одоогийн нөөц хангалтгүй болохыг эхэн үеийн эрсдэлийн үнэлгээгээр тогтоож, улс болон аймгийн түвшинд нэн шаардлагатай нөөц, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж ажилласан.  Covid-19 цар тахлын үед мэдээлэл төлөвлөлт, хариу арга хэмжээ, нөөц, санхүү зэрэг багууд ажилладаг. Хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, эмчилгээ, оношилгоо, эмнэлгийн бэлэн байдал, тандалт, эрсдэлийн үнэлгээ, судалгаа, харилцаа холбоо, худалдан авалт, лабораторийн оношилгоо, дархлаажуулалт, эмнэлгийн яаралтай тусламжийн нөөцийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр ДЭМБ хамтран ажиллаж, удирдамж заавраар хангаж байна.

-Монгол Улсад өдөрт бүртгэгдэх халдварын нөхцөл байдал хүн амтайгаа харьцуулахад бусад улс орнуудаас өндөр байна. Энэ нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах нь үр дүнтэй вэ?

-Covid-19 халдварын тоо 2021 оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар 2900 байсан боловч сүүлийн нэгхэн сарын хугацаанд, тохиолдлын тоо эрс нэмэгдэж, 10000 давсан. Монгол Улсын нэг сая хүн дэх тохиолдлын тоогоороо Номхон далайн баруун бүс дундаа Филиппин, Малайз, Япон болон БНСУ-ын дараа орж байна. Хавьтлын судалгаа нь халдварын тархалтын аль ч үе шатанд тархалтын гинжин хэлхээг таслан зогсоох, сааруулах, Covid-19 халдвартай холбоотой нас баралтыг бууруулах үндсэн арга хэмжээ юм. Халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархсан үе шатанд ч хавьтлын судалгааг зогсоохгүй, шинэ голомт, өндөр эрсдэлтэй хавьтлын судалгааг түлхүү хийнэ.

-Засгийн газраас хэд хэдэн удаа бүх нийтийн хөл хорих арга хэмжээг авсан. Тухай бүрд ДЭМБ-тай зөвлөсөн үү, хөл хорих арга хэмжээ үр дүнгээ өгсөн үү. Ахиад хөл хорих шаардлагатай юу?

-Монголд  Covid-19 халдварын анхны тохиолдол  2020 оны гуравдугаар сарын 10-нд бүртгэгдсэн. Засгийн газрын хувьд энэхүү тохиолдол бүртгэгдэхээс өмнө зай барих,  хөл хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авч байсан. Ингэхдээ 2020 оны нэгдүгээр сарын 6-нд тохиолдол зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг үнэлгээгээр үнэлж, хилийн боомтууд дээрх хяналтыг чангатгасан. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу хоёрдугаар сарын 2-ноос эхлэн БНХАУ-аас орж ирэх хөдөлгөөнийг хязгаарлаж, хоёрдугаар сарын сарын 26-нд мөн дөрвөн улсаас ирэх хөдөлгөөнийг хязгаарлаж, БНСУ болон Японоос ирэх нислэгийг цуцалсан. ОХУ-аас ирэх нислэгийг гуравдугаар сарын 2-ноос цуцалж, Монгол Улсад ирсэн бүх хүнийг 2-3 долоо хоног тусгаарлаж, халдвар тархахаас сэргийлсэн. Халдварыг таслан зогсоохын тулд Засгийн газраас эрс шийдэмгий арга хэмжээг эрт авч хэрэгжүүлсэн. 2020 оны нэгдүгээр сарын 6-наас хойш ХӨСҮТ, ОБЕГ болон бусад салбаруудтай хамтран 22 удаагийн эрсдэлийн үнэлгээг хийж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж ирсэн. Эрсдэлийн үнэлгээнд халдварын тархалт, нийгэм эдийн засгийн байдал гэх мэт хүчин зүйлсийг харгалзаж үздэг. Засгийн газрын 45-р тогтоол батлагдсанаар хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг хэсэгчилсэн байдлаар, тухайн орон нутгийнхаа нөхцөл, олон салбарын мэдээлэл дүн шинжилгээнд үндэслэн нотолгоонд суурилсан шийдвэр гаргах боломж бүрдэж байна.

-ДЭМБ болон бусад олон улсын байгууллагын тусламжаар КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс эхний ээлжийн 14,400 тун АстраЗенека/Оксфорд вакциныг хүлээн авсан. Нийт хэчнээн хүн тун вакциныг авах боломжтой вэ?

-КОВАКС нь 2021 онд хоёр тэрбум тун вакцин хангах төлөвлөгөөтэй байна. Үүнээс нэг болон хоёрдугаар улиралд бараг 500 сая тунг баталгаажуулж, ойролцоогоор 160 сая тунг түгээхээр тохиролцож байна. Үлдсэн хэсгийг энэ жилийн хоёрдугаар хагаст хүргэх болно. КОВАКС нь вакциныг хөтөлбөрийн оролцогч улс орнуудад боломжит хугацаанд вакциныг найдвартай, хурдан шуурхай хүргэхээр ажиллаж байна.

Монгол Улс нь КОВАКС хөтөлбөрийн нэг гишүүн оролцогч бөгөөд 2021 оны тавдугаар сар хүртэл АстраЗенека вакцины 112,800 тун хүлээн авахаар төлөвлөгөөтэй байна.

Тархвар зүйн бэлэн байдал шинжлэлийн холбоо, ГАВИ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран байгуулсан КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын Засгийн газар 14,400 тун АстраЗенека вакциныг хүлээн авсан. ДЭМБ ба НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Засгийн газарт Covid-19 эсрэг дархлаажуулалтын кампанит ажилд техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. Вакцины түгээлтийн шатанд Монгол Улс хамрагдаж, нийт 25,740 тун Файзер вакцин хуваарилагдаж, 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан.

-Монгол Улсад вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 300 мянга орчим хүнээ вакцинжууллаа. Вакцинжуулалтын байдлаас харвал Монголд халдварын нөхцөл байдал хэзээнээс саарч өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо буурч эхлэх вэ?

-Вакцинжуулалт үргэлжилж байгаа ч бид олон хүн цуглардаг газруудаар явахаас зайлхийж, гараа угаах, маскаа үргэлжлүүлэн зүүх хэрэгтэй. Цар тахлын тархалт Монгол Улсад төдийгүй бусад бүх улс орнуудад буурах хүртэл амьдралын шинэ хэв маягийг үргэлжлүүлэх шаардлагатай байна.

-АстраЗенека/Оксфорд вакцин цусны бүлэглэл үүсгэж, залуу эмэгтэйчүүдэд хариу урвалын эрсдэл өндөртэй гэх судалгаа мэдээлэл гарч, олон улсад хэрэглэхийг хязгаарлах боллоо. Монгол Улсад тус вакциныг тариулсан хүмүүст хэрхэн хяналт тавих талаар зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юу?

-Дархлаажуулалытн дараах урвал хүндрэл илэрч болно.  Файзер, АстраЗенека зэрэг Covid -19 вакциныг хэрэглэх талаар Стратегийн зөвлөх мэргэжилтнүүдийн бүлгээс (SAGE) гаргасан зөвлөмжийг үндэслэн түр удирдамж боловсруулсан.

Халуурах, толгой өвдөх, толгой эргэх, даарах, ядрах, хоолны дуршил буурах, бөөлжих, улайлт, өвдөлт, тарилгын талбайд хавдар, лимфаденопати, булчин өвдөх, үе мөч өвдөх, тууралт гарч болно. Эдгээр урвалууд 1-3 хоногийн дотор алга болно. Ховор тохиолдолд анафилакси, хүнд хэлбэрийн харшлын урвал, энцефаломиелит, таталт, мэдрэлийн үрэвсэл, үйл ажиллагааны алдагдал зэрэгт тохиолддог.

Эрүүл мэндийн байгууллагууд анафилаксийн тохиолдлыг эмчлэхэд бэлэн байгаа яаралтай тусламжийн хэрэгслийг бэлдэх ёстой. AстраЗенека вакциныг бусад вакцинтай хамт хэрэглэхийг зөвлөдөггүй бөгөөд бусад вакциныг нэг сарын зайтай тарина. PCR-ын шинжилгээгээр Covid-19-ийн халдвартай нь батлагдсан тохиолдолд зургаан сарын дараа вакцин хийлгэж болно.

-Засгийн газар тавдугаар сараас хилээ нээхээр төлөвлөн бэлтгэл хангаж байгаа. Тэгвэл өдөрт гурван оронтой тоонд бүртгэгдэж буй халдварыг тавдугаар сараас өмнө бууруулж чадах боломжтой юу?

-Нөхцөл байдал яаж ч эргэж болно. Бид ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран боломжит бүх хувилбараар тооцоолол хийж байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулалтад бүрэн хамруулахаар ажиллаж байна. Өчигдөр Ерөнхий сайд,  Шадар сайд, Эрүүл мэндийн  сайдтай хамт халдварт өртөх хамгийн өндөр эрсдэлтэй ахмад настны дархлаажуулалтын явцтай танилцсан. Сүүлийн үед амралт сувилал, буяны ажил, үзвэр үйлчилгээ, ажлын байртай холбоотой халдварын голомтууд бүртгэгдэж байна. Өмнө хэлсэнчлэн хамгийн их халдвар тархаж байгаа орчин, байгууллага, үйлчилгээг тодорхойлж, халдвараас сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөх нь чухал юм.

Эх сурвалж: News.mn