Халдварын нөхцөл байдал хүндэрч, жирэмсэн эхчүүд, хүүхдүүд халдвар авах нь ихэсч байгаа тул Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Хотын шинэ захиргааны байрыг түр эмнэлэг болгох чиглэл өгсөн. Энэ дагуу өнөөдөр Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд Яаралтай тусламжийн төв байгуулж, 145 ор дэлгэж эхэлжээ. Энэхүү Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм.
Өнөөдрийн байдлаар 0-18 насны 400 орчим хүүхдүүд, 500 гаруй жирэмсэн эхчүүд Ковид-19-ийн халдвар авч, биеийн байдал нь хүндрээд байгаа аж. Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссоос эмнэлгийн ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлжээ.