Нийслэлийн прокурорын газраас “Алтай групп’ ХХК-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр цагдан хорих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2022.02.23/ хянан, хэлэлцжээ.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Бат-Эрдэнийг 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Түүнийг өмнө нь гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн үндэслэлээр цагдан хорих санал ирүүлснийг шүүхээс уг үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзан, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.
Ташрамд мэдээлэхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/, 18.6 дугаар зүйлийн /мөнгө угаах/ 2.2 дахь хэсэгт /байнга, тогтвортой үйлдэж/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.
Д .Гэрэлээ