ШИНЖЭЭЧ: ОЮУТОЛГОЙ ГОВИЙН УСЫГ ШАВХАЖ, МАЛЧДЫН НҮҮДЭЛЧИН АХУЙГ УСТГАЖ БАЙНА

НҮБ-ын гадаад өр, хүний эрхийн асуудлаарх хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски 2019 оны есдүгээр сарын 2-11-нд манай улсад ажилласан. Энэ талаар “Зууны мэдээ” сонин өмнө нь мэдээлж байв. Аргентин гаралтай ноён Хуан Бохославски нь 2014 оны тавдугаар сарын 8-нд НҮБ-ын Гадаад өр, хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээчээр томилогджээ. Тэрээр өмнө нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын (НҮБХХБХ) Төрийн өрийн шинжээчээр ажиллаж байсан. Төрийн хариуцлагатай зээл олголт, зээлжилтийн асуудал хариуцсан шинжээчдийн группын үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн туршлагатай. Бохославски нь аливаа Засгийн газар, байгууллагаас хараат бусаар хувь хүнийхээ хувьд үйлчилгээ үзүүлдэг шинжээч юм байна.

Тэрээр Монгол Улсын өр, макро эдийн засгийн бодлогыг хүний эрхийн үүднээс үнэлэх, ашигт малтмалын үр шимээ нийгэм, байгаль орчны хүртээмжтэй цогц бодлогод хэр хэмжээнд шингээж буй, улмаар хүний эрх болон тогтвортой хөгжлийг эрчимтэй хангахад оруулж буй хувь нэмрийг ойлгох , хууль бус санхүүгийн урсгалаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр гаргаж буй Засгийн газрын зарим хүчин чармайлт, түүнээс хүний эрхэд үзүүлж буй нөлөөллийг судлах, дэд бүтэц, уул уурхайн төслүүдэд олгосон зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хүний эрхийн үүднээс авч үзэх зэрэг дөрвөн чиглэлээр ажиллахаар ирсэн байгаа юм.

Энэ хүрээндээ  Засгийн газрын найман яам, УЕПГ, Монголбанк, Татварын ерөнхий газар, АТГ, Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, Үндэсний хөгжлийн газрын удирдлагууд, УИХ-ын нэр бүхий гишүүд, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, хамтын ажиллагааны байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газар, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзалтууд хийсэн байна. Түүнчлэн Оюутолгойн уурхайд биечлэн очиж, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, Ханбогд сумын Засаг дарга, нутгийн иргэдтэй ч уулзаад амжжээ.

Ингэж арваад хоног ажилласны дараа Хуан Пабло Бохославски хэд хэдэн дүгнэлт, зөвлөмжийг өгчээ. Эдгээрээс “Оюутолгой” компанийн усны хэрэглээний талаарх дүгнэлт анхаарал татаж буй юм.

Тэрээр “…Байгалийн баялгаас хэт хамаарах нь эдийн засгийн боломж, мөн сорилт авчирдгийг дэлхийн олон улс орон батлан харуулсан. Нөөц баялаг ихтэй байх нь нэг талаар ерөөл хэдий ч энэ нь хөгжлийн үйл явцад бүтцийн, мөнгөний болон бодлогын хана хэрэм босгон өсөлтөд саад учруулах хэлбэрээр хараал болж хувирах нь ч бий” гээд зөвлөмждөө Оюутолгойн ашиглаж буй усны асуудал  нутгийн малчдын бүлгүүд 2012- 2013 онд Дэлхийн банкны Омбудсмены газарт уг уурхайн 2004 оны нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, 2011 оны эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговрын хөтөлбөрийн талаар гомдол гаргасан тухай дурджээ. Тэдний гомдолд малчид Оюутолгойн уурхайн үйл ажиллагаа нь ирээдүйд усны нөөцийн хомсдолд хүргэх, бэлчээрийг доройтуулах, нутгийн иргэдийн өв соёл,уламжлалд аюул занал учруулахтай холбоотой асуудлаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Тэд мөн хангалттай хэмжээнд нөхөн олговор олгогдсон эсэхэд эргэлзэж байна хэмээснийг дурджээ.

Ингээд “…Оюутолгой нь ашигласан газрын гүний усныхаа 80 хувийг цэвэршүүлээд эргүүлэн ашиглаж буй хэдий ч маш их ус шаарддаг уурхай юм. Малчид, нутгийн иргэд, Ханбогд сумын засаг захиргаа Оюутолгойн төсөл эхэлснээс хойш худаг,булаг шанд хэрхэн аажмаар ширгэж байгаад ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлж байв. Мэдээжийн хэрэг, усны хангамж нь говь цөл нутгийн нүүдэлчин иргэдийн хувьд чандмань эрдэнэ, тэдний амьжиргааны эх үндэс шүү дээ. Мега төслүүд нь усны эх үүсвэр, хүртээмж,  чанартай холбоотой хүний эрхэд олон тооны нөлөөлөл үзүүлж болно. Энэ хүрээнд Оюутолгой нь малчдыг гүний худгийн усаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Гэсэн хэдий ч энэхүү шийдэл нь зарим хүндрэлтэй учирчээ.

Нэгд, энэхүү шийдэл бэлчээрийн усгүйдлээс сэргийлж чадахгүй бөгөөд говь цөл нутгийн биологийн олон янз байдалд эргэлт буцалтгүй үр дагавар бий болгохоор байна.

Хоёрт, малчид цөлд байгуулсан гүний худгаас ус авахын тулд моторт насос ашиглах шаардлагатай болсон байна. Гэтэл малчид бүгд насос ашиглах эдийн засгийн боломжгүй. Энэхүү бодит нөхцөл байдал нь тэднийг мал аж ахуйгаа эрхлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн цөл дэх газрын гүний ус нь туйлын эмзэг. Маш бага хэмжээгээр нөхөн сэргээгддэг. Тиймээс гүн рүү явах тусмаа усны хүртээмж багасч, усан хангамж илүү хүндрэлтэй байх болно.

Гуравт, усан хангамж хүндрэлтэй болох тусам цөөн хэдэн гүний худгаас хамааралтай болсон. Үүнээс болж малчдын малаа тууж оторлон нүүдэллэх хэв маягт ихээхэн өөрчлөлт орсон байна. Өвөг дээдсээс уламжилж ирсэн дадал заншил өөрчлөгдсөөр байна.

Түүнчлэн ашиглагдаж эхлээгүй байгаа гүний уурхай нь уг төслийн хамгийн том үе шат тул гүний уурхайн хүний эрх болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ, нэн ялангуяа малчдад үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийх замаар нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах, болзошгүй үр дагаврыг арилгах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Уг нь бол энэхүү нөлөөллийн үнэлгээ аль хэдийнээ хийгдчихсэн байх ёстой байв. Миний бие түүнчлэн, хөрөнгө оруулагчдын үүрэг, хариуцлагын тухай асуудлыг энд цохон тэмдэглэмээр байна.

Богино хугацаанд Оюутолгой компани нь нутгийн иргэдтэй хийх яриа хэлцлээ олон улсын хүний эрхийн стандартын дагуу бүхий л талуудын шаардлагыг хангасан шийдэлд хүрэх хүртэл үргэлжлүүлэх эсхүл төслийг үргэлжлүүлэхэд шаардлагатай усны хангамжийн бусад хувилбарыг авч үзэх хэрэгтэй гэж зөвлөе” гэжээ. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын хараат бус шинжээч ноён Хуан Пабло Бохославски Оюутолгой говийн усыг шавхаж, нутгийн малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна хэмээн дүгнэсэн байна. Эрхэм таныг үүнийг уншиж байхад ч говийн гүний усыг шавхагдсаар л байгаа гэсэн үг.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир