Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” компанийн захирал До.Ганболдод холбогдох хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлжээ. Ингэхдээ шүүхэд шилжүүлэх саналаа ч хамтад нь хүргэсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, 2017 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө АТГ-ынхан эрүүгийн хэрэгт холбогдуулан саатуулсан. Д.Ганболдыг гадаадын гэрээт аж ахуйн нэгж, байгууллагад жонш, хүдрийн баяжмал нийлүүлэхдээ үндэслэлгүй үнээр өгсөн хэмээн буруутгаж байгаа юм. Мөн зарим компанид илт давуу байдал олгосон, түүхий эдийн зах зээлийн ханшаас бага үнээр худалдан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт шалгасан юм. Тодруулбал, хүдрийн баяжмал экспортолдог хувийн компанийн ханшаас 3-5, Сангийн яамнаас баталж тогтоосон жишиг үнээс хоёр дахин бага үнээр бүтээгдэхүүнээ худалдаж буй мэтээр тайлан тооцоондоо тусгадаг ч түүнээс өндөр үнээр худалдаж, илүүг нь хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн буруутгасан юм. Шалгалтын явцад өөрийнх нь болон гэр бүлийнх нь гишүүдийн дансаар их хэмжээний валютын гүйлгээ хийсэн гэх мэдээлэл ч бий. Ингэж шалгах болсон шалтгаан нь 2017 оны гуравдугаар сард Үндэсний аудитын газраас “Монголросцветмет”-д аудитын шалгалт хийсэн аж. Шалгалтаар 78 тэрбум төгрөгийн өртэй гэх ноцтой зөрчил илэрчээ. Мөн санхүүгийн бичиг баримт, гэрээ хэлэлцээр, олборлож байгаа хайлуур жонш, төмрийн хүдрийг хэдэн төгрөгөөр хэнд, хааш нь худалдаж байгааг шалгасан юм байна. Ингээд “дээрх хэмжээний өртэй болсон нь удирдлагуудын буруутай үйлдлээс болжээ” гэх дүгнэлт гаргаж, хууль хяналтын байгууллага цааш нь үргэлжлүүлэн шалгах ёстой хэмээн АТГ-т холбогдох баримт материалыг хүргүүлсэн түүхтэй.
АТГ-ынхан шалгалтаараа “Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захирал До.Ганболд их хэмжээний төмрийн хүдрийг холбогдох байгууллагын тогтоосон ханшаас бага үнээр хилээр гаргаж, их хэмжээний ашиг хувьдаа олж байгааг тогтоосон аж.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх, мөрдөн байцаалтад буцаах эсэхээ шийдэх бөгөөд До.Ганболдыг гэм буруутай эсэхийг шүүхээс эцэслэн тогтоох юм.