Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой өнөөдөр /2019.11.27/ тохиож байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “The Hu’ хамтлагт “Чингис хаан” одон олгох ёслолын ажиллагаа Төрийн ордонд болно. Энэ хамтлаг нь 11 хүний бүрэлдэхүүнтэй. Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг” юм.
“The Hu’ хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгосон.
Анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж байв. 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, Америк, Канад улсаар тоглолтуудаа хийгээд буй юм.
Энэ онд гаргасан “Чингис хаан” дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломатын хүрээний эерэг үр дүн ч гарч байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Европт хийсэн аялан тоглолтын үеэр монгол хүнд хандах тухайн улсын хүмүүсийн хандлага, харьцаа илүү хүндэтгэлтэй, эелдэг найрсаг болж ирснийг Европын олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд маань бахархан ярьж байна.