ХӨСҮТ: Гэдэсний халдварт өвчин өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн

Гэдэсний халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсэж буй талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл хийлээ.

Тандалт судалгааны албаны гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч Р.Амгалан:

Урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсдэг, мөн гудамж, талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдаалдагтай холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл эрс нэмэгддэг тул гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл их болдог.

Он гарсаар эхний зургаан сарын байдлаар 3800 хүн өвдсөн. Үүний 80 хувь нь гар хөл амны өвчин байна. Мөн 490 гаруй хүн цусан суулгын халдвар авсан байна. Энэ тоо нь өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн.  Удахгүй наадмын их амралт болох гэж байна. Гэр бүлээрээ аялж зугаалахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:

Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах,  лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах,  хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.

Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах. Мөн хүнсийг маш сайн болгож хэрэглэх шаардлагатай.

Түүхий хүнсний бүтээгдэхүүнийг болсон хүнсний бүтээгдэхүүнтэй хольж хадгалах, мөн хамтад нь хэрчиж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Илрэх шинж тэмдэг: Цочмог, 37-40 градус халуурах, бие эвгүйрхэх, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, ядрах, гэдсээр базлаж өвдөх, хий дүлэх, ялгадас усархаг гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Гэдэсний халдварт өвчний  үед илрэх шинж тэмдэг, хугацаа нь уг хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг ба дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд  эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах.

 

Үүнд: суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх, ядрах гэх мэт

 

Өвчин хүндэрч, хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд өөрчлөлт орж, хүндэрнэ. Иймд мэргэжлийн эмчид хандаж, зохих шинжилгээ өгч, гэрийнхнээсээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.