Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг албан ёсоор тайлбарлах тухай “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Захиргааны хэргийн танхимын саналтай танилцаад уг асуудлаар нарийвчилсан судалгаа хийлгэсний дараа дахин хэлэлцэхээр хойшлуулав.
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаас албан бичгээр ирүүлсэн Гэр бүлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх саналуудыг хэлэлцэж, хууль санаачлагчид албан бичгээр хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн иргэний хэргийн төрөл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогтой уялдуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг боловсронгуй болгох зарим саналыг хүргүүлэхээр болов.
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаас албан бичгээр ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүний санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох саналыг албан бичгээр хүргүүлэхээр тогтлоо.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаар зарлигаар Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Н.Батзориг, Н.Батчимэг нарыг Иргэний хэргийн танхимын бүрэлдэхүүнд оруулахаар батлав.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх