РУБЛИЙН ХАНШ АЛТНААС Ч ИЛҮҮ ЧАНГАРЧЭЭ

Энэ оны 2 дугаар сарын 28 аас эхлээд америк долларын ханш суларч эхэлсэн. Ялангуяа энэ 4 дүгээр сарын 7 оос эхлээд америк долларын ханш тогтвортой суларч байгаа. Энэ сарын 7 ний өдрөөс эхлээд бүтэн 7 хоног америк долларын индекс огцом суларч 3.5 хувиар буурсан. Өчигдөр бага зэрэг сэргэсэн ч буцаад унаж байна. Үүний шалтгаан нь Трампын тарифын бодлоготой шууд холбоотой юм.
Рублийн ханш 2025 он гарснаас хойш мэдэгдэхүйц чангарч, одоогоор дэлхийн хамгийн ашигтай валют болоод байгааг Bloomberg болон Businessinsider зэрэг хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал рублийн ханш өнөөдрийн байдлаар америк долларын эсрэг 38 хувиар чангарсан дэлхийн хамгийн ашигтай валют болсон тухай эдийн засагчдын иш татан Bloomberg мэдээлэв. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр тогтвортой өсөж байгаа алтны ханшаас ч илүү рублийн ханш өсөлттэй байгааг мөн мэдээлжээ.
ОХУ-ын Төв банкны мэдээлснээр, инфляцийн нөлөөг тооцсон рублийн бодит ханшийн өсөлт өнгөрөгч гуравдугаар сард өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулахад 7.1 нэгж хувиар өссөн байна. Жилийн дүнгээр нь авч үзвэл энэ оны эхний 3 сард рублын ханш өмнөх оны тоон үзүүлэлтээс 19.2 хувиар өсжээ.
Оросын мөнгөн тэмдэгтийн ханшийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна.
Нэгдүгээр Төв банкны бодлогын хүүтэй холбоотой. Тухайлбал ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 21 хувь хүртэл өсгөж, өндөр өгөөж авахыг хүсэж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бодлого баримталж байгаа нь нөлөөлж байна.
Хоёрдугаарт Америкийн худалдааны дайнаас болж америк долларын ханшийн уналтаас шалтгаалсан рубль зэрэг төрийн зүгээс бодлогын томоохон дэмжлэгтэй байгаа валютыг худалдан сонирхол үүссэнтэй холбон тайлбарлаж болохоор байна.
Гуравдугаарт Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээр Украины дайныг зогсоох илтгэл дэлхий нийтэд нэмэгдэж, хэлэлцээнүүд Америк-Орос, Америк-Украины хооронд явагдаж эхэлсэн, түүнчлэн дайн зогсвол Оросын эсрэг тавьсан хоригууд суларч магадгүй гэсэн хүлээлт зэргээс үүдэж Оросын эдийн засаг дахь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдсэн нь мөн бага ч гэсэн эерэг нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид харж байна.
Гэхдээ энэ байдал нь Оросын эдийн засагт зарим сорилтуудыг бий болгох боломжтой эдийн засаг шинжээчид онцолсон байна.
Рублийн ханш чангарах нь Оросын экспортыг дэлхийн зах зээлд илүү үнэтэй болгож, үүнийг дагаад эрэлт буурч болзошгүй байна. Энэ байдал нь ялангуяа Оросын эрчим хүчний салбарт томоохон сөрөг нөлөө үзүүлж болохыг зах зээл шинжээчид анхааруулж байна.
Инфляцийг барихад чиглэсэн Төв банкны өндөр хүү нь эдийн засгийн идэвхжлийг сулруулдаг.
Иймд бодлогын хүү болон рублийн ханш хоёулаа өндөр байх нь хөрөнгийн бодит өртгийг нэмэгдүүлдэг. Тиймээс Украинтай дайтаж байгаа Оросын хувьд хамгийн гол ач холбогдол өгч байгаа батлан хамгаалах салбарыг эс тооцвол бус салбаруудад үйл ажиллагаа явуулдаг компаниудын бодит ашиг, өгөөж буурах, эдийн засгийн дарамт ачаалал нэмэгдэх, үүнээс болж хөрөнгө оруулалт буурах эрсдэлтэйг шинжээчид мөн онцолжээ.

Эх сурвалж: https://www.businessinsider.com/russia-ruble-currency-dollar-slide-dxy-trade-war-interest-rates-2025-4

https://www.bloomberg.com/news/articles/2025-04-15/ruble-surges-as-best-performing-global-currency-outpacing-gold

https://www.globalbankingandfinance.com/RUSSIA-ECONOMY-1d33f80f-f9a6-40fe-81de-fa8051a0e7f0?utm_source=chatgpt.com