Зогсож байсан ачааны машины араас мөргөж, хоёр хүн нас баржээ

Замын хажууд зогсож байсан ачааны машины араас мөргөж, хоёр хүн нас барсан осол Завхан аймгийн Нөмрөг суманд гарчээ.

Тодруулбал,  Нөмрөг сумын Нуур багийн “Нүхэн хад” гэдэг газар Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан ачааны автомашины хойд талаас мөргөсөн байна. Ослын улмаас суудлын автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдаж нас баржээ.

Ослын газар аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашин, “Титан” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээг дотор хавчуулагдаж нас барсан иргэн 29 настай эрэгтэй Т,  17 настай эрэгтэй Б нарын цогцсыг гаргаж, Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.