Дэлхийн өнцөг булан бүрээс Туркт эмгэнэл илэрхийлсээр байна

БНТУ-ын хамгийн том хот болох Истанбулд өчигдөр 16.20 цагт бөмбөг дэлбэрсэнтэй холбоотой дэлхийн өнцөг булан бүрээс Туркт эмгэнэл илэрхийлсээр байна. Тухайлбал, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер “АНУ терроризмын эсрэг НАТО-ийн холбоотонтойгоо мөр зэрэгцэн зогсоно” гэж хэлэв. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Бид та бүхний зовлонг хуваалцаж байна. Терроризмын эсрэг тэмцэлд та нартай хамт байна” гэж твиттертээ жиргэсэн. Түүнчлэн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Туркийн ард түмний зовлон бол бидний зовлон” гэж турк хэлээр жиргэлээ. Пакистан, Итали, Грек зэрэг улс ч эв санааны нэгдлээ илэрхийлээд байна.

Халдлагын үеэр дөрвөн хүн газар дээрээ, хоёр иргэн эмнэлэгт амиа алдсан юм. Хохирогчдын дунд засгийн газрын яамны ажилтан болон түүний бага охин байсан гэж Засгийн газрын сайд Деря Яник хэлжээ.

Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоган бидний олж авсан одоогийн мэдээллээр алан хядах ажиллагаа байж болзошгүй гэжээ. Нийт 81 хүнийг эмнэлэгт хүргэснээс 39 нь эмнэлгээс гарчээ.

БНТУ-ын Хууль зүйн сайд “Нэг эмэгтэй банканд 40-45 минут суусны дараа гарч явжээ. Удалгүй дэлбэрэлт болсон. Бид энэ эмэгтэйг холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байна” гэсэн байна.

Ням гарагт цаг агаар дулаан байсан тул хотын төв хүн ихтэй байжээ. Энэ явдлын дараа олон нийтийн сүлжээнд өдөөн хатгасан агуулга бүхий зүйл түгээсэн  хэмээн 25 хаягийг шалгаж эхэлсэн байна.